sonin.mn
Оюутолгойн далд уурхай зогсож, 1700 хүн ажилгүй болсон талаарх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл өнөөдөр төрийн ордонд С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тэрээр “Оюутолгойн далд уурхай хаагдаж олон ажилчдыг халсан нь хууль зөрчсөн үйлдэл. Хэчнээн ажилтнаа халсан албан ёсны мэдээлэл алга. Одоогоор 1700 хүн халагдсан гэсэн мэдээлэл байна. Рио Тинто компани бүгдийг хааж, халж, зогсоож чаддаг гайхалтай компани юм.
 
Олон тооны ажилчдыг ажлаас нь  халах нөхцөлд гэрээнд заасныхаа дагуу манайхантай хэлэлцээрт орох ёстой байсан. Гэвч тэд хэлэлцээр хийгээгүй учраас гэрээнийхээ нөхцлийг зөрчлөө” гэсэн юм. Түүнчлэн “Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд ТЭЗҮ-г 5.1 төгрөг гэж заасан байдаг.
 
Гэтэл өөрсдөө 6.2 тэрбум ам.доллар гэж мугуйдалдаг. Харин одоо 14.5 тэрбум ам.доллар болгохоор тулгаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Учир нь 5.1 гэдэг бол УИХ-аар батлагдсан ТЭЗҮ. Гэтэл үүнийг ямар ч үндэслэлгүйгээр14.5 болгох, цаашлаад 24.5 болгохоор Засгийн газарт тулгаж байна.
 
Хэрэв бид энэ гэрээг хүлээн зөвшөөрвөл жилд 180 мянган ам.доллар хүүнд төлж, Рио Тинтод 5.7 тэрбум долларыг монголчууд ямар ч үндэслэлгүйгээр төлнө. Мөн 2046 он хүртэл ноогдол ашиг хүртэх боломжгүй болох юм.
 
Тэд нэг бол өөрсдийг нь муулж байгаа хүнийг муу хэлдэг, эсвэл маш их хөрөнгө оруулалт оруулж Монголын ард түмнийг тэжээж байгаа мэтээр мэдээлдэг. Нэг бол тухайн орны эдийн засаг маш хүнд байдалд орж дампуурч байна хэмээн сэнхрүүлдэг.
 
Түүнээс биш хэзээ ч гэрээний зүйл заалт ярьдаггүй. Ерөнхийдөө ард түмнийг мунхруулах гэж хичээдэг. Тэр л аргаа хэрэглэж байна. Тиймээс бид бүсээ чангалаад гэрээгээ чамбайруулахад илүү анхаарах ёстой” гэж хэлсэн юм.
 
 
Н.Батаа
 
Эх сурвалж: "new.mn"