sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөж, Монголын төрт ёсны баяр наадмыг нээж, сайхан наадлаа. Анхны ажлын өдөрт эх орны минь нутаг дэвсгэрийн зургаа орчим хувьд хүртэл хорогдсон, нийслэл хотыг амьсгалах агааргүй болгосон ой хөвчийн 22 их түймрийн гамшгийг аль болох түргэн хугацаанд унтраах шуурхай арга хэмжээ авахын оронд ардчилал, Ардчилсан намын манлайлагч гэж өөрийгөө олон жил өргөмжилсөн “Бодь” группийн үүсгэн байгуулагч Л.Болдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байх юм. Чухам юуны учир энэ эрхмийг тэгтлээ онцлон үзсэн, юуны тухай ярилцсан нь эгэл жирийн ард түмэн бидэнд тодорхойгүй байв. Уул шугамандаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  хоёрыг цаг хэмнэх үүднээс нэгэн зэрэг хүлээн авч уулзаж, Монгол төрийн олон тулгуурт гадаад бодлого, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар саналыг сонссон бол дэлхийн улс гүрнүүдийн төр, засгийн удирдагчдад аятайхан сэтгэгдэл төрүүлэх байсан ч юм бил үү.
 
Улсын өмчийн томоохон үйлдвэрийг үрэн таран хийж бужигнуулах талаар гаршсан З.Энхболдыг наадмын урьд өдөр Тамгын газрын даргаараа томилсон нь Монголын ард түмнийхээ олонхыг гайхашруулсан онцлох нэгэн үйл явдал болов. Цэнгэлдэх хүрээлэнд Ерөнхийлөгчийнхөө зарлигийг олигтойхон уншиж чадаагүй З.Энхболд нь УИХ-ын даргаар ажиллахдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх талаар Засгийн газраас гаргасан олон санал, санаачлагыг нухчин дарах ажлыг зохион байгуулсан шүү дээ. Ганцхан жишээ дурдахад, Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, юу хийлгэснийг нь эдийн засагч, судлаачид бид мартаагүй байна. Хэрэв тэр хэлэлцээрийн төслийг УИХ тухайн үед нь зөвшөөрсөн бол манай улсын эдийн засагт цаг хугацаа алдалгүй жинтэй хувь нэмэр оруулах байсан.
 
1. Эх орны минь тусгаар тогтнол, ард түмний минь амин сүнс болсон эдийн засгийн хямралыг богино хугацаанд зогсоох талаар эхний ээлжид гүйцэтгэх засаглалын тэргүүнийг урьж, санал бодлоо солилцох ёстой байтал Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн мөрөөр орж, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарыг дуудаж байх юм.
 
2. Эх орон минь улаан нурманд дарагдаж байхад Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан ( Хоёулаа Ерөнхий сайд байсан, Монголын толгой сэхээтнүүд)г эргүүлэн татах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Тамгын газрын дарга нь гүйцэтгэж байгааг юу гэж ойлгох вэ.
 
З. Энэ ялдамд Үндсэн хуулиараа дархлагдсан Монгол Улсын иргэний хувьд, Монгол Улсынхаа төрийн болон дипломатын албанд 50 гаруй жил шударгаар хүчин зүтгэсэн инженер- эдийн засагч, судлаач, дипломатч, Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбооны ерөнхийлөгчийн хувьд Ерөнхийлөгчөөсөө Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр дипломат албаны арвин мэдлэг боловсрол, туршлагатай, мэргэшсэн дипломатчийг томилон ажиллуулахыг энэ салбартай олон жилийн ажил, амьдралаа холбосон ахмад хүний хувьд Ерөнхийлөгч Танаас хичээнгүйлэн хүсч байгааг минь соёрхон хүлээн авч, ёсоор болгоно уу.
 
4. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эв нэгдлийг сахин хамгаалах үйл хэрэгт шийдвэрлэх онц чухал үүрэгтэй бөгөөд хүн ам, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч хоёр том гүрэн ОХУ, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа эрхэмлэх үүднээс АНУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өмнө дурдсан хоёр гүрний Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан бол манай улсын хөгжлийн цаг үеийн тулгамдсан олон асуудпыг хөндөж, мөнхийн хөрш хоёр их гүрний удирдлагуудад уламжлах сайхан боломж байсан болов уу.
 
2017 оны долоодугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нарыг дуудаж уулзахдаа "Монгол төрийг гаднынхантай нийлж... улс төрийн нөхцөл, байдал өөрчлөгдсөн...” гэж айлтгасныг дэлхийн 200 гаруй орны удирдагч юу гэж ойлгож, манай улстай цаашдаа ямар бодлого баримтлах бол гэдэгт санаа зовж сууна.
 
Ж.Чулуунхүү /Ахмад дипломатч/