sonin.mn

МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч, “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, гэрэл зурагчин Б.ЦЭРЭНЖАМЦ


-Нутаг ус, бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?

-Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат. Аймаг, нутаг усаараа бахархаж явдаг. Бага нас минь аймгийн төвд л бужигнаж өнгөрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд нутгаасаа цэргийн албанд мордсон.

-“Манай хүн" болжээ дээ...

-Хужирбулангийн 015 дугаар ангид 3 жил цэргийн алба хаасан. 1972 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирж, шинэ цэрэг болж байлаа. Цэргийн алба хамгийн эрхэм бөгөөд хийморьлог алба. Эр хүн шиг эр хүн болж төлөвшиж, хал дол үзэж, хат сууж, жинхэнэ нөхөрлөлийг тэнд л олдог.

Тангараг өргөх тэр мөчөөс эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрч, бахархах, хайрлах, хамгаалах сэтгэл эрхгүй төрнө. 3 жил алба хаахдаа ганц ч удаа гэр рүүгээ хариагүй. Албаа хаагаад халагдана гэхээр нөхөддөө, албандаа хоргодоно, нутаг ус гэр рүүгээ яарах сэтгэл үүнтэй зэрэгцээд л ...

-Таны үндсэн мэргэжил?

-Удирдаач, хормейстр.

-Хашиж байсан алба?

-Цэргээс халагдаад аймгийнхаа Соёлын ордонд бүжигчин, “Дэвшил” сонины сурвалжлагч, “Улаанбаатар Таймс” сонинд сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан.

-Тантай ярилцах гол сэдвийн нэг нь яах аргагүй гэрэл зураг...

-30 гаруй жил гэрэл зургийн ертөнцөд амьдарч явна. Агуу ертөнц. Миний үеийнхэн хүүхэд насандаа гэрэл зураг сонирхох нь элбэг. Зургаа авахуулах, дурсгалын дэвтэр дээр наах гээд л.

Гэрэл зургийн аппарат, хальс гэдэг чинь тухайн үед ховор шүү дээ. Нэг хайрцаг хальс 3 төгрөгийн үнэтэй. Тэрийг аваад л харанхуй газар үзэхгүй бол болдоггүй юм гэнэ лээ гэцгээж амбаарт орж задалж үзнэ. Мэдээж хоосон л байж таарна. Тэгэхээр нь хуйлаад сэлэм болгож тоглоод л.

Ингэж л гэрэл зурагтай нөхөрлөх анхны цэг, сонирхол эхэлж байж дээ. Миний анхны багш Ж.Лхагвасүрэн гэж агуу гэрэл зурагчин бий. Багш минь анх надад “Зенит” аппаратаа өгч, түүгээр нь уулын бэл дэх өндөр хүчдэлийн цаанаас нар мандахыг зэрэгцүүлэн авч “Арай л өөр нүдээр харж дээ” гэж анхныхаа магтаалыг сонсож байлаа.

Тэр үеэс л зураг авч эхэлсэн дзэ Нэг, хоёрдугаар хоронд угаах, шарах, хатаах гээд л нарийн шүү дээ. Сүүлд өнгөт зураг гарч ирсэн. Цэнхэр, шар, улаан өнгөнд л ертөнцийг багтаадаг. Яагаад гэвэл энэ 3 өнгөөр л бусад өнгийг олно. Шөнөжин зураг угааж хонох үе олон байсан. Тэгж л хорхойсч байлаа шүү дээ.

-Одоо үед хүн бүр шахуу гэрэл зургийн аппараттай, зураг авч байна. Гэрэл зурагчин хүн юугаараа ялгарах ёстой юм бэ?

-Мэргэжлийн гэдгээрээ л ялгарах ёстой. Тэр нь зохиомж, мэргэжлийн аппаратны хүчин чадал, хурд, олж харах өнцөг гээд олон зүйлээс шалтгаална шүү дээ. Үүн дээр сэтгэлгээ хамгийн чухал.

-Ховор зураг гэж...

-Дахиад хэзээ ч давтагдахгүй, олдохгүй түүхэн ач холбогдол бүхий зураг, дахин давтагдашгүй агшинг буулгасан зураг гээд ховор гэдэг ойлголтод багтах хүчин зүйлс олон.

-Таны уран бүтээлд байгалийн зураг давамгайлдаг юм билээ...

-Эх орон, онгон дагшин байгалиараа бахархахаас гадна үүний цаана үзээгүй хүмүүст харуулж, мэдрүүлж, эх орноо хайрлах хамгаалах, үнэ цэнийг нь ойлгуулах юмсан гэсэн зорилго оршиж байдаг юм.

Тухайпбал миний авсан бугын сүрэг наад талд нь, тахийн сүрэг цаана нь бэлчиж буй зураг бий. Хүмүүс Хустайн нуруу гэж мэддэг ч очсон нь хэд бол. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэр газрыг гэрэл зургаас ч болов харж бахдана. Энэ бол гэрэл зурагчны үүрэг юм даа.

-Батлан хамгаалах салбарын талаар Та ямар бодолтой явдаг вэ?


-Эх нутгаа хилийн шугамаас нааш хамгаалж, тайван амгаланг сахьж, эх орныхоо нүүр царай, сүлд хийморь нь болдог цэрэг эрс маань өнөөдөр хилээс цааш Монгол Улсынхаа нэрийг гаргаж, дэлхийн ард түмний аюулгүй байдал, энх тайвны төлөө зүтгэж байгааг бахархахаас өөр яах билээ.

XIII зуунд эзэн Чингисийн баатрууд дэлхийд мөрөө үлдээсэи бол эдүгээ монгол дайчид дэлхийн цэрэг болсон. Он цагийн хувьд ялгаатай боловч омогших үйлс, зориг, тэвчээр, дайчин чанар нь хэвээрээ.

-Эх орон гэж юу вэ?

-Миний эх орон бол дэлхийн зүрх нь. Энэ зүрхийг цохилуулж байх нь Монголчуудын үүрэг. Эр цэрэг нь эх орноо хамгаалж эхнэр хүүхэд нь гал голомтоо бадрааж амар тайван байвал эх орон оршиж байгаа нь тэр.

-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Тэрээр гэрэл зургийн их ажлаас гадна үгийн урнаар бүтээл туурвиж, сэтгэлээ цааснаа буулгадаг. “Гэрлийн давалгаа Сэлэнгэ минь”, “Чимээгүй аялгуу” гэсэн хоёр номын эзэн. Хамгийн сүүлд гэхэд л МУГЖ С.Жавхлан гэргийтэйгээ түүний зохиосон “Мөнхийн урсгалт амьдрал” дууг нь дуулж олны сонсох дуртай дууны нэг болжээ.

Ахмад Х.Ганзул

Эх сурвалж: "Соёмбо" сонин