sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээн /ДЦАШТ/ өчигдөр буюу лхагва гарагт Литвийн Клайпеда хотод эхэлж, манай баг тамирчдаас Г.Отгонжаргал алтан медалийн эзэн болов.
 
32 дахь удаагийн ДЦАШТ-д 26 орны тамирчид хуч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ тодруулжээ.
 
Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож байгаагаас эхний өдөр гурав нь барилдаж бүгд медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д СМ Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.
 
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг жингийн барилдаан болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг