sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын шигшээ багийн хаалгач У.Болортуяа Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг хүртэж, Монгол охидын баг Ази тивдээ цахиур хагалах амжилтын гараагаа эхлүүллээ.
 
Монголын охидын шигшээ багийн оролцсон Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээн Шанхай хотод амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтын ёслолоо хийлээ. Хаалтын ажиллагааны үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байгаа МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Удирдах зөвлөлийн гишүүний хувьд шагнал гардуулав.
 
 
Мөн энэ тэмцээнд Монголын авъяаслаг эмэгтэй шүүгчид болох Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь нар ажилласан бол А.Жаргалмаа, Б.Чинзориг нар дасгалжуулагчийн сургалтад хамрагдсан байна. Зүүн Азийн 15 хүртэлх охидын АШТ нь “А”, “В”, “С” гэсэн гурван ангиллын хүрээнд болж манай баг гурав тоглож, дөрвөн оноо цуглуулж чадлаа.
 
 
Манай охидын шигшээ баг анхныхаа албан ёсны томоохон тэмцээнд амжилттай оролцсон нь Японы дасгалжуулагч, багш Ики Ёоүжигийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн бөгөөд анхны гоол, оноо, хожлыг авч эмэгтэй хөлбөмбөгчдийн түүхэн замналын гарааг ялалтаар эхлүүлж чадлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг