sonin.mn
МОСКВА. /TASS/. Хойд Европ, Орос, Канадын цанын спортын тамирчдын 40 хувь нь багтраа /астма/ өвчтэй байдаг байна. Энэ тухай Олон улсын цанын спортын холбооны /FIS/ Эрүүл мэндийн хорооны орлогч дарга, Норвегийн иргэн Инггард Лерейм мэдээлснийг NRK агентлаг дамжуулжээ.
 
Түүний мэдээлснээр, хойд зүгийн улс орнуудын олон цаначид төрөлхийн багтраа өвчингүй байдаг боловч хүйтэн сэрүүн нөхцөлд бэлтгэл сургуулилт хийсний улмаас багтраа өвчинтэй болдог байна. Эрүүл мэндийн хорооо энэ шалтгаанаар цанын тэмцээнийг зохион байгуулахад тавьсан агаарын хэмийн зөвшөөрөгдөх хязгаарыг багасгахаар төлөвлөж байна. Одоогоор уг хэмжээ нь цельсийн -20 градус байгаа юм. 
 
“Бид хэмийн хязгаарыг өөрчлөх асуудлыг нэг бус удаа тавьж байсан, гэсэн ч бидний үгийг хэн ч авч хэлэлцээгүй. Хойд Европ, Орос, Канад зэрэг хүйтэн уур амьсгалтай улс орнуудын цаначдын 40 хувь орчим нь багтраа өвчтэй байна. Тэд эх орондоо бэлтгэл сургуулилт хийх үедээ даардаг болохоос долоо хоногт ердөө хэдхэн цаг уралдааны замд гарахдаа даардаггүй. Иймээс бид тэмцээн зохион байгуулагчдыг буруутгах боломжгүй юм” гэж Лерейм ярьжээ.
 
Өнгөрсөн оны 8 дугаар сард Норвегийн алдартай цаначид сальбутамол гэдэг бодис бүхий багтрааны эсрэг бэлдмэлийг хэрэглэж байсан тухай мэдээлэл гарч байсан билээ. Тухайлбал, тэдний дунд Олимпын 6 удаагийн аварга Марит Бьорген, Мартин Сундбю нар байна. Мартин Сундбю-г 7 дугаар сард бэлдмэл хэрэглэх дүрмийг зөрчсөн гэж тэмцээнд оролцох эрхийг нь хоёр сараар хасч байжээ. Үүнээс гадна, уг бэлдмэлийг Оросын цаначид болох Олимпын аварга Александр Легков, 2014 оны Сочигийн Олимпийн хүрэл медальт Илья Черноусов хэрэглэдэг байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг