sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Саппоро хотноо болж буй Азийн өвлийн спортын VIII наадамд манай хоккейчид эхний удаа Тайландтай таарч 5:4-өөр хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Сингапур улсын шигшээ багтай хийж 8:0-оор хожжээ. 
Азийн цагаан олимпийн наадамд 32 орны баг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд хоккейн тэмцээн хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн. Манай хоккейчид Тайланд, Тайвань, Хонконг, АНЭУ, Сингапуртай “В” дивизионд багтсан юм. Хоккейчид өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улстай Улаанбаатарын цагаар 18 цагаас тоглоно.
 
"В" дивизионы Монголын багийн тоглолтын хуваарыг танилцуулахад, өнөөдөр Монгол – АНЭУ-ын багтай тоглох бол II.23-нд Хонконг, II.25-нд Тайванийн багтай  тус тус тоглоно. Оны эхэнд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн манай баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж байгаа юм. Одоогоор “В” хэсгийг Тайланд хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Тайвань, Хонконг, Монголын баг нэг хожилтой удаалж байна. Харин АНЭУ, Сингапурын багууд хожиж амжаагүй байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг