sonin.mn
БРАЗИЛИА. /ВВС/. Бразилын “Chapecoense” клубын тамирчдын ихэнх нь Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Copa Sudamericana” тэмцээний финалд оролцохоор явж байгаад нисэх онгоцны ослоор амиа алдсан билээ.
 
Тэдний дурсгалыг хүндэтгэн тус клубт тэмцээний аваргын цомыг гардуулжээ.
Тус клубын 19 тамирчин, ажилтан гээд нийт 71 хүн өнгөрсөн даваа гарагт Колумб руу нисч байгаад ослоор амиа алдсан билээ.
 
Шувтаргын тоглолтод өрсөлдөхөөр үлдээд байсан Колумбын “Atletico Nacional” клуб тэмцээний цомыг “Chapecoense” клубт олгохыг хүссэн байна. Харин “Atletico Nacional” клубын шударга өрсөлдөөн, сайхан сэтгэлийг үнэлж, тус клубт “Шударга тоглолт” шагналыг олгожээ.
 
Дээрх шагналуудыг дагалдаж “Chapecoense” клуб 2 сая доллар, “Atletico Nacional” клуб нэг сая доллар мөнгөн шагнал авах юм.
“Chapecoense” клубын ерөнхийлөгч Иван Тоззо хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “шударга” шийдвэр байлаа гэж онцлоод, манай клуб аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан. Цомыг бидэнд гардуулан өгсөн нь гайхалтай хүндлэл боллоо” гэж мэдэгджээ.
 
Нисэх онгоцны ослоос зургаан хүн амьд гарсны дотор тус клубын тамирчид байгаа юм. Мөрдөн байцаагчид онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хар хайрцганд хадгалагдсан мэдээллээс үзвэл, нисэх онгоц түлшгүй болсны улмаас осолджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг