sonin.mn
Яагаад Б.Хурцын томилгооны сонсголыг хийх шаардлагатай вэ?
 
Ж.Батзандан гишүүн Б.Хурцыг Солонгос руу Элчин сайдаар томилох асуудлаар сонсгол хийхийг санаачилж, 21 гишүүн дэмжээд байгаа ажээ. Энэ маш зөв алхам. Нэгдүгээрт, Б.Хурц бол С.Зоригийн хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй н.Энхбат гэж хүнийг Францаас хулгайлж авч ирэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль төдийгүй олон улсын хуулиудыг ноцтой зөрчсөн, үүгээ Монголын нэр хүндийг унагасан ч үүндээ огт хариуцлага хүлээгээгүй. Харин ч тушаал дэвшиж даргын зөөлөн суудалд олон жил тухалсан. Энхбат гэж тэр хүн хэлсээр шалгагдаж байгаад бие нь муудаж суллагдаад жил гараны дараа нас барсан.
 
Хоёрдугаарт, Б.Хурц нь Монгол Улс дахь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн процесст баталгаажуулахыг 2016 онд эсэргүүцэж захидал бичиж байсан. (Энэ талаар товч бичиж байв: “Хүний эрхийг хамгаалсан хууль батлах гэхээр дарга нар эсэргүүцээд байж болохгүй: Б.Хурцын захидлын тухай” 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ эрхийн баталгааг сулруулж батлуулахад нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Хурц.
 
Энэ мэт хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн гайгаар Монгол хүний эрхийн баталгаа болсон эрүүгийн процессын хууль ямар байх гол агуулгыг цагдаа, прокурор, тагнуулынхан хүний эрхийн стандарт биш өөрийн тав тухад тохируулан гаргадаг болсон. 2017 оны шинэ эрүүгийн процессын хуульд дэвшилттэй зүйлс бий боловч хүний эрхийн тал дээрх ухралт, дутуу зүйлс бий, энэ бүхэн ийм шалтгаанаар үүссэн. Энэ талаар хоёр удаа саналаа бичгээр өгч байсан: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл (2016)-д өгөх санал”
 
Гуравдугаарт, тагнуулын шугамаар олж авсан мэдээллээрээ УИХ-ын гишүүд зэрэг албан тушаалтныг дарамтлахад ашигладаг (Ц.Нямдорж, Л.Болд зэрэг). Албан тушаалд очихынхоосоо өмнө янз бүрийн зүйл ярьж дарамталдаг ч бусад үед түүнийгээ дарчихдаг. Энэ хүмүүстэй холбоотой үнэхээр асуудал байгаа бол түүнийгээ зохих ёсоор шалгуулаад, шүүх рүү шилжүүлэх эсхүл УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ч тэгдэггүй.
 
Ер нь цаашид Цэцийн гишүүн, ХЭҮК-ын дарга, гишүүн, Дээд шүүхийн шүүгч, АТГ-ын дарга зэрэг албан тушаалд нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж байх хэрэгтэй. 
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан