Д.Золбоо: Си Жинпинд дахин боломж олгох нь тодорхой

Нийтэлсэн: 2017-10-17 08:52:26

“Ярилцах цаг” булангийн зочноор, судлаач, доктор Д.Золбоог урилаа.
 
 –Маргааш эхлэх Хятадын коммунист намын XIX их хурал одоогийн удирдагч Си Жинпиний хоёр дахь бүрэн эрхийг зөвшөөрнө гэж ажиглагчид үзжээ. Хятадын  гадаад байдал,  дэлхийн геополитикт  эзэлж буй байр суурьт ямар өөрчлөлт гарах бол?
 
-Тийм шүү. Энэ долоо  хоногт эхлэх Хятадын коммунист намын Их хурал дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Ихэнх улс орнуудын ямар ч эрх баригч намын хуралд ингэж анхаарал хандуулах нь ховор.Учир нь ардчилсан засаглалтай улс орнуудын төрийн эрх барихын төлөөх сонгуультай адилтгаж болох учраас тэр л дээ.
 
Энэ удаагийн хурлын шийдвэрт айхтар сүрхий цочирдом өөрчлөлт гарахгүй байх гэж бодож байна. Хятадын тав  дахь үеийн удирдагч одоогийн дарга Си-г улируулан томилох нь бараг тодорхой биз. Үүнийг олон талаас нь тайлбарлаж болох байх. Юуны өмнө тогтсон уламжлал талаасаа сүүлийн хоёр даргын жишиг, хуулийн дагуу хоёр бүрэн эрхийн хугацаа буюу 10 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх боломжтой. Нөгөөтэйгүүр, хамгийн гол нь өнгөрсөн XVIII Их хурлаар томилогдсоноосоо хойш дотоод төдийгүй гадаад ертөнцөд Хятад улсын байр суурь олон талаараа өмнөхөөсөө ахисан гэдэг үзүүлэлт нөлөөлөх нь дамжиггүй. Мөн Хятадын коммунист намын удирдах дээд бүрэлдэхүүний одоогийн нөхцөл байдал ч энэ таамгыг лавшруулж өгч байна. Өмнөх Их хурлаар ес байсан тоог долоо болгосноос насны хязгаар болон бусад хүчин зүйлийн улмаас улиран үлдэж байгаа хоёр хүний нэг нь шүү дээ. Тиймээс өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэдэг утгаараа эрс тэс өөрчлөлт гарахгүй л болов уу.
 
–Си Жинпиний эхлүүлсэн  “Хятад мөрөөдөл”-ийн биелэлтийг одоо дүгнэх болов уу?
 
– Тэгнэ. Уламжлал ёсоор намын дарга өмнөх хурлаар зарласан 2049 онд буюу БНХАУ-ын 100 жилийн ойд зориулан хийж бүтээх их ажлынхаа эхний таван жилийн тайлангаа дүгнүүлэх нь гарцаагүй. Хурлын хөтөлбөрийг нь олж үзээгүй байгаа учраас одоохондоо таамаг төдий л хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Гэхдээ би тантай ярилцахын өмнө XVIII их хурлын шийдвэрийн талаар тэр үеийн нийтлэлүүд тэр дундаа манай хүрээлэнгийн “Олон улс судлал” болон бусад сэтгүүлд хэвлэгдэж байсан мэдээллийг зориуд эргүүлж харсан юм. Хурлын үеэр болон дараа нь олон нийтэд хандаж хэлж байсан илтгэл, ярианд дурдаж байсан ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэж болохоор санагдсан шүү.
 
–Хятадын дараагийн таван жилд баримтлах  бодлого, төлөвлөгөөнд ямар асуудлыг онцлон  тусгах бол?
 
– Өрнөдийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ болон Хятадын ард иргэдийн дунд хийсэн судалгаанд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгаа болов уу. Хамгийн сүүлийн жишээ нь CNN агентлаг Хятадын хамгийн хүчирхэг таван хүний дотор авлигатай хийж буй тэмцлийг голлон удирдаж буй эрхмийг нэрлэсэн байхаас харж болно. “Бар, ялааг хамтад нь дар” уриан дор хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн эсрэг тэмцэлд ард олон талархалтай хандаж байгааг харж болох байх. Зарим статистик мэдээ нийтдээ 1.4 сая гаруй албан тушаалтныг авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн гэсэн нь үнэний ортой биз. Авлигатай хийж буй тэмцлээс гарч байгаа гэх сөрөг үзэгдлүүдэд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах, Макао зэрэг газрын казино, зочид буудлын орлого буурах, нуугдмал хөрөнгө гадагшаа урсч байгаа зэргийг нэрлэсэн байдаг. Гэхдээ эдгээр нь хүрсэн үр дүнтэй харьцуулахад жижиг зүйл л дээ. Гадагшаа зугатаж гарсан олон мянган албан тушаалтныг олон улсын хууль эрх зүйн хүрээнд эх оронд нь эргүүлэн авчирсан “Үнэгний ав” гэх мэт коммунист засаглалтай биш улс оронд ч хэрэгжүүлж үр дүнг нь үзэж болохоор шилдэг туршлага бэлэн байна гэж санагддаг. Бидний “олигарх, оффшор” гээд өдөр тутмын ярианы сэдвийг ийм байдлаар шийдэж болох юм шиг. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар, авлигатай хийж байгаа энэ тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаа нэг хэлбэр гэж тайлбарлах нь ч бий. Эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зэрэг голлох асуудлын хувьд 2012 онд болсон XVIII их хурлын өмнө олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргаж байсан эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаас хол зөрүүгүй хэрэгжүүлж чадаж байгаа нь ч үүнд нөлөөлсөн. “Нэг бүс, нэг зам” санаачлага амжилттай хэрэгжиж бүс нутаг хийгээд олон улсын хэмжээнд Хятад улсын байр суурь өсөн нэмэгдэж байгаа нь ч түүнд нэмэх оноог авчирсан. Дахин хэлэхэд их хурал болохоос өмнө аливаа мэдээлэл хаалттай байдаг нийгэм, хатуу чанд дэг журамтай нам учраас таамаг төдий л хэлж байгаа гэдгийг анхаарна биз дээ.
 
–Энэ талаар бусад улс орон, гадаад ертөнц  юу гэж үзэж, ямар өнцгөөс мэдээлж  байна вэ?
 
-Угаасаа Хятадын дотоодын гэхээсээ илүүтэйгээр гадны судалгаа, танадалтын байгууллагууд илүү бодитой мэдээллийг хүргэдэг байх гэж боддог. Өрнөдийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас илүүтэйгээр дорнын улс орны мэдээлэл арай илүү бодитой байна уу даа гэж манай хятад судлаачид үздэг. Тэр дундаа Тайвань зэрэг газрын бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн,  их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын нийтлэл, бүтээлийг анхаарч харж байхад илүүдэхгүй. Хойд хөршийн маань хятад судлал ч олон арван жилийн уламжлал, туршлагатай.
 
–Хятад дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээлийг эзэлж буй орон. Цаашид яаж өөрчлөгдөх бол?
 
– Тийм шүү. Хүн амын тоо болоод бусад олон үзүүлэлтээр дэлхийн эдийн засгийн голлох зүтгүүрийн нэгэнд зүй ёсоор багтана. Дэлхийн улс орнуудад үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээгээр АНУ-тай бараг тэнцүү болж байгаа нь ч олон улсад үзүүлэх нөлөө нь хэр нөлөөтэй болсныг харуулна.
 
–Тэр нь ОХУ, Европын орнуудад яаж тусах вэ? 
 
– Бие биенээсээ улам бүр хамааралтай болж даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд хэн нэгнийх нь томоохон өөрчлөлт бусаддаа ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ олон улсын харилцааны ёс зүйн хэм хэмжээнийхээ хүрээнд дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцохгүй байх гэсэн зарчмыг хатуу баримтлах биз. Хямд төсөр бараа бүтээгдэхүүнийг үй олноор нь үйлдвэрлэж өрнөдийн улс орнуудад голчлон экспортолдог байсан хуучны баримтлалаасаа тэдгээрээс дутахгүй дотоодын томоохон зах зээлд анхаарлаа хандуулах бодлого баримталж байгаа нь өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнэ өртөгт нөлөөлөхгүй гэж үзэх нь зарим талаар учир дутагдалтай болов уу.
 
–Си Жинпин гарч ирснээр Хятад улс  авлигын эсрэг хатуу тэмцсэн. Нөлөө бүхий улстөрчдийн олонх нь авлигын хэрэгт шийтгүүлж, албан тушаалаасаа буусан. Үүний дүнд  дараагийн удирдлагад шинэ хүмүүс, залуу үе гарч ирэх нь үү гэсэн дүр төрх харагддаг. Энэ хэр боломжтой вэ? 
 
-Шинэ хүмүүс гарч ирэх цаг, тохироо нь бүрдсэн гэж үзэж болно. 2002 онд тэтгэврийн насыг 68 болгож шинэчилсэн байдаг. Гэхдээ Хятадын улс төрд шинэ, залуу гэдэг ойлголт манайхаас өөр. Угаасаа тооны хувьд аваад үзсэн ч 90 сая шахам гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн хүчин шүү дээ. Гарал угсаа, боловсролын түвшин, ажлын туршлага гээд хатуу чанга олон шалгуурыг даван туулж байж энэ өндөрлөгт хүрдэг гэдгийг бүгд мэднэ.  Түүнээс гадна албан бусаар ярьж бичдэг Шанхайн, Хунтайжийн, залуучуудын зэрэг олон хүчтэй бүлэглэл, тэдгээрийн хоорондын тохиролцоо зэрэг хүчин зүйлс ч багагүй байдгийг орхигдуулж болохгүй байх. Транспаренс интернэшнл байгууллагаас гаргадаг авлигын түвшний индекс үзүүлэлтээр таван жилийн дотор 20 байраар ахиж 80-д орсон. Харин манайд ямар ч өөрчлөлт гараагүйг харж болно.
 
-2022  онд Си Жинпин, Ли Көцян нарын халааг  хэн авах бол. Ер нь Хятад улс удирдагчдынхаа  залгамж халааг гаргаж ирэхэд  ямар шалгуур тавьдаг юм бол?
 
-Шалгуурын хувьд олон нарийн үзүүлэлт бий. Юуны өмнө эзэмшсэн боловсрол, мэргэжил, мөн улс орныхоо онцлог, том, жижиг хот суурин газар ажиллаж үзсэн туршлагатай байхаас гадна ямар нэгэн буруу зүйлд нэр холбогдож байгаагүй байх зэрэг шалгуур байдаг бололтой. Гэхдээ энэ удаагийн хурлын онцлог нь намын даргын дараагийн залгамжлагч нь ямар нэгэн байдлаар бусдад танигдсан байдаг өмнөх уламжлал алдагдсан харагдаж байгаа тал бий. 2012 онд ирээдүйтэй улс төрчдөөр яригдаж байсан УТТ-ны гишүүн Сүн Жэнцай, Ху Чунхуа нар таамгаас хасагдсан. Албан тушаал ахиж дэвших магадлалтай хүмүүсийн тоонд дээр дурдсан санал асуулгад нэр нь багтсан намын сахилга батын хорооны Ван Чишан зэрэг ахимаг настнуудын нэр байгаа хэдий ч таван  жилийн дараа халааг нь авчих болов уу гэж таамаглахаар хүн одоогоор тодроогүй л байна. Байнгын хороо нь долоо хоног бүр хуралдаж голлох шийдвэрийг гаргадаг бол Улс төрийн товчоо нь сар бүр, харин Төв Хороо нь жилд нэг удаа хуралдаж үндсэн асуудлаа хэлэлцдэг байна. Сонирхуулахад нийт хүн амын 49 хувь, намын гишүүдийн 20 хувийг бүрдүүлдэг бүсгүйчүүд, хүн амын найман хувийг бүрдүүлдэг үндэсний цөөнх тус бүр Төв Хорооны гишүүдийн дөнгөж таван хувийг бүрдүүлдэг гэдэг.  Ойролцоогоор 2300 гаруй төлөөлөгч оролцдог намын их хурал нь 10 гаруй хоног үргэлжилдэг гэж тооцвол энэ сарын сүүл гэхэд албан тушаалтнуудын нэр тодорхой болно.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хужаа толгой дотроосоо ялзарсан бузруудын хөрш орноо устгах чөтгөрийн явууога нь толгойг дотроос ялруулаад эхэлсэн одоо дэлвэрнэ. Бузар хийн хэт ихсэж дотроосооо тэлэн тэсэхгүй болтлоо хийлэгдэж дэлвэрнэ одоо.

    Зочин, 2017-10-17 10:38:36, 202.70.46.217Хариу бичих

  2. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-17 15:19:18, 202.179.24.167

    АРХИ хаагуур зарж байгаа бол.

    4, 2017-10-17 16:11:37, 103.87.255.42

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: