sonin.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрээр “Засгийн газар наадмын болон амралтын өдрүүдэд ч түймэр унтраах ажлыг шуурхайн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Харин өнөөдөр яг холбогдох албаны удирдлагууд Та бүхэнд нэгдсэн байдлаар үүрэг өгөх гэж дуудуулсан юм“ гэв.  
Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгааг Ерөнхий сайдад илтгэлээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна. 
Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ. 
Мэдээллийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
1. Ногоон бүсэд аялал зугаалга хийхийг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад, 
2. Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад, 
3. Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах бэлэн байдлыг хангахыг  Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
4. Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай  зохион байгуулж ажиллахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,
5. Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо. 
Ерөнхий сайд, Монгол орон энэ хавраас хойш их, бага хэмжээний түймрээс салсангүй, энэ сарын 13-нд гарсан түймрийг унтраахаар хүн, хүчээ өнөөдөр илгээж байгаа нь хэт удаан байгааг,  нөхцөл байдлаа зөв үнэлж ажиллах хэрэгтэйг ОБЕГ-ынханд онцгойлон анхаарууллаа. 
Мөн түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа Ерөнхий сайд албан ёсоор илэрхийлэв. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил. Иймд иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ынхан өөрсдийн хүчээр түймрийн тархалтыг зогсоож, улмаар унтрааж чадна гэж байгаа, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан яг одоо түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэж мэдээлэл өгч  байгаа учир иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг уриаллаа. Харин иргэдийн цуглуулсан хандивыг орон нутгуудад хүргүүлэх, хэрвээ түймрийн голомтод хүргэх шаардлагатай бол заавал газарчин дагуулж ажиллуулахыг ОБЕГ-т үүрэг болгов. 
Түймэр унтраах ажлыг зохион байгуулж Шадар сайд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу шуурхай хуралдааны дараа Батсүмбэрт ажиллахаар Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.