sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Анхны сонгогчдын холбооныхон мэдээлэл хийж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг нэрээ татахыг шаардлаа. Тодруулбал, Х.Баттулгын хүү хар тамхины хэрэгт орооцолдсон, төрсөн хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүн төр засгийг удирдаж чадахгүй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Тиймээс түүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Мөн Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын сонгуулиар төрсөн нутаг Баянхонгор аймагтаа нэр дэвшсэн боловч нутгийнхан нь түүнд итгэл хүлээгээгүй. Энэ нь Х.Баттулгын мөн чанар, ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Нутгийн ард олон нь түүнд итгэл хүлээлгэхгүй байхад залуус бид түүнийг эх оронч үзэлтэй хэмээн андуурч болохгүй хэмээн санал бодлоо илэрхийлсэн юм. 
 
Хан-Уул дүүргийн иргэн Э.Өлзий-Од “Залуус бид өөрсдөө сонгуульд оролцож, зөв хүндээ санал өгөөгүй байж эцэст нь төр засгаа буруутгадаг. Иймд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бид 2021 он хүртэлх хөгжлийг тодорхойлоход өөрсдийн хувь нэмрээ оруулах учир би өглөө эрт босч, сонгуульдаа идэвхтэй оролцоно. Залуус та бүхэн ч гэсэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Гэхдээ үр хүүхдээ хүмүүжүүлж, гэрээ засч чадаагүй хүн төр удирдаж чадахгүйг санаж, зөв хүндээ саналаа өгөөрэй” хэмээн уриаллаа. 
 
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч бол мэдлэг боловсролтой, төлөв төвшин, залууст сайн үлгэр жишээ болсон, нутгийн зон олондоо төдийгүй ард түмэнд хүндлэгдсэн хүн байх ёстой гэж Анхны сонгогчдын холбооныхон үзэж байна. 
 
С.Юмсүрэн