sonin.mn
БАГДАД. /Reuters/. "Лалын улс" бүлэглэлийн эсрэг явуулж буй дайн бол орчин цагт дэгдсэн “хамгийн харгис хэрцгий дайн мөн” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ тодорхойлоод, Ирак улсад 5 сая гаруй хүүхдэд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна гэж мэдэгдлээ.
 
ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд "Ирак даяар хүүхдүүд төсөөлөхийн аргагүй аймшигтай хүчирхийлэлд өртсөөр байна. Орчин цагийн хамгийн харгис хэрцгий дайны нэгт тооцогдож буй энэ дайнд хүүхдүүд амиа алдаж, шархдаж, хулгайлагдаж, бусдын эрхэнд автаж  байна. Мосул хотоос оргон зугтасан гэр бүлийнхнийг  нь шийтгэхийн тулд "Лалын улс" бүлэглэлийнхэн хүүхдүүдийн амийг нь хороож байна" гэж дурджээ. 
 
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар, дор хаяж 100 мянган энгийн иргэд, тэдний тэн хагас болох хүүхдүүд "Лалын улс" бүлэглэлийн хяналтанд байгаа Мосул хотын Хуучин хот хэмээх дүүрэгт бүслэгдэж, аюултай нөхцөл байдалд байгаа юм. Иракийн ихээхэн газар нутгийг хэт давруу үзэлтнүүд 2014 онд эзэлснээс хойш 1000 гаруй хүүхэд амиа алдсан бол 1 100 орчим хүүхэд шархдаж, тахир дутуу болсон тухай ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд дурдсан байна.
 
4 650 гаруй хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарчээ. АНУ-ын дэмжлэгтэйгээр хотыг чөлөөлөх ажиллагаа 2015 онд эхэлснээс хойш хэт давруу үзэлтнүүд Ирак дахь эзэлсэн газар нутгийнхаа ихэнхийг алдсан юм. Өөрсдийн нийслэл хот  хэмээн зарласан Мосул хотыг тэд удахгүй алдах нь тодорхой болжээ.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг