sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуусан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа, "Үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойн ордын далд уурхай, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд, Тавантолгой, Гацууртын орд зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. 
 
ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүнд зарим улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахын зэрэгцээ санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Эдгээр зээлийн гэрээ, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах, зөвшилцөх асуудал байнгын хороодоор яригдаж байгаа, одоогоор эцэслэгдээгүй байна.
 
Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэсэн тооцоо судалгаа гарсан, үүнийг 2018 онд 8 хувь болгож бууруулахаар үндсэн чиглэлд тусгасан. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан" гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж:Монцамэ агентлаг