sonin.mn
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, байр сууриа илэрхийллээ. Ц.Элбэгдорж :  “Монгол Улсын нүд чих болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хааж боох тухай ойлголт байж огт болохгүй. Мөн цахим орчинд бас хяналт тавих тухай ярьж байна. Гэхдээ үүнийг техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Гэтэл эрх баригчид хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэх нь буруу. Торгох нэмэх саналаа татаж авахаар үндсэн санал нь үлдчихэж байгаа. Тиймээс үндсэн саналыг ч оруулах ёсгүй гэж бодож байна. Харин өөрсдийгөө тойрсон ёс зүйн хуулиудыг батлах хэрэгтэй. Бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн төлөө улс төрийн албан тушаалтны гомдол гаргах эрхийг ч хасах ёстой гэж боддог. Улс төрийн албан тушаалтанд олон нийттэй барьцах, тэдний дуу хоолойг хаах үйлдэл хийж болохгүйн. Өөрийгөө хичээж ажиллахад л болно. Дээрээс нь олон нийтийн шүүмжлэл гэдэг тухайн хүнийг ажлыг нь сайжруулах нэг механизм болдог юм. Үнэхээр гүтгэлэг  гэж үзэж байгаа бол тухайн албан тушаалтан гараад мэдэгдэл хийх бүрэн боломжтой.
 
 
Мөн бас нэг зүйл хэлье гэж бодсон юм. УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ бол гадаадын банк Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг олж авна гэсэн үг. Эхлээд барьцаална, дараа нь зээлээ төлж чадахгүй болохоор өмчөө болгож авна. Монгол Улсын бие даасан байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй учраас болгоомжтой үүнд хандах хэрэгтэй. Гишүүд үндэсний эрх ашиг дээрээ нэгдэх ёстой. Бүр болохгүй бол ҮАБЗ-өөр ярилцаж хэлэлцүүлгийг хойшлуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь гадаадын банкинд зөвшөөрөл олгохоор болбол ҮАБЗ-аар хэлэлцүүлнэ гэж өмнө нь ярьж тохирсон байгаа шүү” хэмээсэн юм.  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нь Хятадын банкны салбарыг Монголд нээхтэй шууд холбоотой гэдгийг улс төрийн хүрээнд баталдаг. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдсанаар Хятадын банкны салбар Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын банк Монголд ажиллахыг дэмжихгүй нь бололтой.
 
Ч.Явуу