sonin.mn
 
УИХ-аас өнгөрсөн жил Төрөөс мөнгөний бодлогын талаар энэ онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа валют арилжаалах худалдааны төвтэй болохыг Монголбанкинд даалгажээ. Тиймээс Монголбанк валют арилжааны цахим талбарыг ашиглалтад оруулж, арилжааны банкууд нэг талбар дээр ажиллах бололцоо бүрдэж байна. Энэ тухай Монголбанкны зах зээлийн газрын захирал Б.Батдаваагаас тодрууллаа.
 
-Арилжааны нэгдсэн талбар гэж юу вэ. Ач холбогдлыг нь тодорхойлно уу?
 
-Банк хоорондын гадаад валютын арилжааг Блүүмберг терминалаар дамжуулан хийх цомхон хэмжээний биржийн систем юм. Ингэснээр үйлчлүүлэгчдийн хувьд үйлчилгээний өргөн сонголт бий болж байгаа юм. Түүнчлэн хямд үнэ тогтох нөхцөл бүрдэнэ. Ингэхдээ өндөр дүнтэй хийж байгаа валютын арилжаа ямар ханштай байх вэ гэдгээс эхлээд бүхий л зүйл ил тод болж, оролцогчдоос мэргэжлийн өндөр ёс зүйг ч шаарддаг юм. Арилжааны банкуудын зүгээс валют арилжааны нэгдсэн талбартай болсон нь олон эерэг үр дүнг дагуулна. Тухайлбал, арилжааны банк нэг сая ам.долларын арилжаа хийхэд бусад арилжааны банктайгаа холбогдох шаардлага гардаг байсан. Одоо тэгэх шаардлагагүй болсон. Мөн банк хоорондын захын валютын арилжааны төлбөр тооцооны эрсдэлээс хамгаалагдаж байна. Цахим талбар нэвтэрснээр валютын зах, арилжааны банкуудад өөр, өөр ханштай байх явдлыг халж байгаа юм. Ингэснээр валют худалдах, худалдан авах сонирхолтой нэгжүүд нэгдсэн талбараас валютын ханш, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээг харах боломжтой. Цаашлаад мөнгөний болон үнэт цаасны зах зээл, санхүүгийн үүсмэл хэрэгслийг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
 
-Валют арилжааны нэгдсэн талбарыг нэвтрүүлэх ажил хэзээ эхэлсэн бэ. Туршилт хийсэн үү?
 
-Монголбанк валют арилжааны нэгдсэн талбарыг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 10-наас өчигдрийг хүртэлх хугацаанд туршилт хийсэн. Туршилтын хугацааг өмнөх оны банк хоорондын захын арилжаатай харьцуулахад 3.4 дахин, арилжааны тоо 4.4 дахин тус, тус өссөн байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд валют арилжааны нэгд­сэн талбарт орол­цохдоо харилцагч банкаараа дамжуулан, 10.00-16.30 цагийн хооронд үйлчилгээ авах боломжтой. Арилжааны банкуудын зүгээс энэхүү шинэ стандартыг нэвтрүүлсэнд талархалтай хандаж байна. Цахим талбар бий болсноор валют арилжаанд банкууд ижил тэгш эрхтэйгээр оролцох учраас хэн нэг том оролцогчийг дагаж ханшийн зөрүү үүсгэх юм уу, зах зээл савлах эрсдэлийг бууруулж чадсан гэж үзэж байна.
 
-Иргэдийн хувьд валютын захын ханшийг илүүд үздэг байсан шүү дээ. Тэгвэл цахим талбартай болсноор нэгдсэн ханшаар валют худалдаж авах боломжтой гэсэн үг үү?
 
-Өмнө нь иргэд олон газрын ханшийг харьцуулж хардаг байсан бол валют арилжааны цахим талбарын үйл ажиллагаа идэвхжиж ирснээр энэ талбарын ханш валютын захын хөтлөгч байх болно. Цаашилбал, хөрвөх чадвартай ханш болж хувирна. Ингэснээр захын нэгдмэл байдлыг хадгалснаар оролцогч олон болж хэн нэгэн томоохон тоглогч зах зээлд нөлөөлөх боломж буурна.
 
-Энэ талбарт валютын зах оролцох боломж бий юу?
 
-Хэдийгээр арил­жааны банкууд валют арилжааны нэгдсэн талбарт оролцож байгаа боловч Монголбанктай байгуулсан гэрээний дагуу иргэд, аж ахуйн нэгж оролцох боломжтой.
 
-Цахим талбар нэвтэрснээр валютын ханш тогтмол болно гэж ойлгож болох уу?
 
-Төвбанкны тухай хуулиар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь үзүүлэлттэй нийцэхээр уян хатан тогтохоор заасан байдаг. Тэгэхээр цахим талбар орж ирснээр валютын ханшийг тогтмол болгоно гэж ойлгож болохгүй. Харин валютын захын үр өгөөж, хүртээмж сайжирч, нэгдмэл байдалд хүрэх давуу талтай. Түүнчлэн цахим талбар банк хоорондын арилжаа учраас нэг удаагийн арилжааны доод хэмжээ 100 мянган ам.доллар байн. Гэхдээ үүнээс бага хэмжээгээр авах, зарах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийг банкууд багцлан талбарт оролцож болно.
 
Д. Оюунчимэг
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин