sonin.mn
МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын эрэг орчмын бүсэд газрын тос, хий олборлохыг зөвшөөрсөн эхний алхмаа энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ тухай ням гарагийн орой “Politico” сонинд мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп зарлиг гаргаж, эрэг орчмын өрөмдлөг хийх боломжтой бүсэд судалгаа хийх, түүнчлэн эрэг орчимд газрын тос, хий олборлох үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм журмыг стандартжуулахыг Дотоод хэргийн яаманд даалгах бололтой.
 
Сануулан дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн хэдэн долоо хоногт Чукотын тэнгисийн ихэнх нутаг дэвсгэр, АНУ-ын зүүн эргийн хэдэн арван цооногуудад олборлолт явуулахыг хориглох тухай захирамж гаргасан билээ.
 
Түүнээс гадна, Д.Трамп зарлиг гаргаж, 1906 онд баталсан АНУ-ын Эртний үеийн тухай хуулийн дагуу үндэсний дурсгалт газруудын жагсаалтыг дахин хянан үзэхийг Дотоод хэргийн яаманд даалгах гэж байгаа аж. Б.Обама Үндэсний дурсгалт газруудын жагсаалтад 20 гаруй газрыг оруулсны улмаас эдгээр газруудад өрөмдлөг явуулах, ашигт малтмал олборлох, загас агнахыг хориглосныг бүгд найрамдахчууд шүүмжилж байжээ. Харин Цагаан ордон дээрх мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
“Politico” сонинд мэдээлснээр, эдгээр зарлигууд нь Ерөнхийлөгчийн баасан гарагт гаргах гэж буй 32 зарлиг нэг байж магадгүй юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг