sonin.mn
КАРАКАС. /ВВС/. Венесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.
 
Лхагва гарагт Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид гудамжинд гарч жагсах үеэр гурван хүн амиа алдсан юм.
 
 
 
 
Эдийн засаг нь гүн хямралд орсонтой холбоотойгоор нийслэл Каракас хот болон баруун нутгийн хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсоор байна.
 
Ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль хийж, хорионд байгаа улс төрчдийг суллахыг шаардан жагсаал хийхийг тус улсын сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес энэ долоо хоногийн эхээр ард түмэнд уриалсан юм.
 
Өчигдөр Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчдийг тараахыг оролдсон хуягт тээврийн хэрэгсэлтэй цагдаа нар руу нүүрэндээ баг зүүсэн жагсагчид чулуу нүүлгэжээ.
 
Үүний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсний улмаас жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна.
 
 
Инфляцийн түвшин нэмэгдэж, гэмт хэрэг газар авч, өргөн хэрэглээний барааны хомсдолд орсонд явдалд засгийн газар буруутай гэж Венесуэлийн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.
 
Харин тус улсын Засгийн газар болон засгийн газрыг дэмжигчид “АНУ тэргүүтэй империалист хүчнүүд Венесуэлийг эдийн засгийн хямралд оруулсан. Бид бол “эдийн засгийн дайн”-ы хохирогчид” гэж мэдэгдэхийн сацуу “бид Боливарын хувьсгалыг хамгаалах болно” гэж мэдэгдсээр байгаа юм.
 
Засгийн газар болон сөрөг хүчнийхэн яриа хэлэлцээ хийхээр нэг бус удаа оролдсон боловч амжилт олоогүй юм. Ойрын хугацаанд шинээр хэлэлцээ хийж эхэлнэ гэдэг амаргүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Тус улсын СЕХ орон нутгийн сонгуулийг товыг зарлан, нөхцөл байдлыг намжаахыг оролдож магадгүй.
Гэхдээ ойрын үед тус улсын байдал намжиж, эсэргүүцлийн жагсаал зогсоно гэдэг эргэлзээтэй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг