sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Дональд Трампын засаг захиргаа ихээхэн хэмжээний зэвсэг Тайваньд нийлүүлэхээр бэлтгэж байгаа ба тус нийлүүлэх зэвсэгт боловсронгуй пуужингийн систем, Хятадаас хамгаалах хөлөг онгоц сөнөөгч пуужин зэрэг багтаж магадгүй ажээ. Энэ тухай баасан гарагт Reuters агентлаг Америкийн засаг захиргааны нэрээ дурдаагүй эх сурвалжийг иш татан мэдээллээ.
 
Тус эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн нийлүүлэх зэвсгийн тоо хэмжээ нь Барак Обама Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа нийлүүлэхийг нь хойшлуулж байсан зэвсгийн тоо хэмжээнээс хавьгүй их байж магадгүй гэжээ. “Ийм том хэлцлийг хийх улс төрийн амбиц бий. Энэ бол Обамагийн батлаагүй тэр хэлцлээс хавьгүй том хэлцэл байгаа юм” гэж онцлон тэмдэглэсэн эх сурвалжийн хэлснийг Reuters агентлаг дурджээ.
 
Үүний сацуу шинэ засаг захиргаа ийм хэлцлийг ойрын үед хийхээр төлөвлөгөөгүй, түүнийг хэдэн сарын дараа эсвэл бүр дараа жилд ч хэрэгжүүлж магадгүй, учир нь Тайваньтай харилцах харилцааг Бээжин туйлын их эмзэг хүлээж авдаг, өнөөгийн байдлаар Вашингтон ийм үйлдэл хийх нь чухал чиглэлүүдээр, тухайлбал БНАСАУ-д нөлөөлөх асуудлаар АНУ, БНХАУ хамтран ажиллахад саад болж магадгүй юм. Агентлагийн тэмдэглэж байгаагаар, Цагаан ордон Тайванийн удирдлагын хооронд дээр дурдсан зэвсэг нийлүүлэлтийн талаар хэлэлцүүлэг аль хэдийн эхэлжээ.
 
Үүнээс өмнө, Вашингтон заавал “нэг Хятад” бодлогыг баримтлах албагүй мөн Тайваньтай харилцах харилцаагаа өөрчилж магадгүй гэж Трамп мэдэгдэж байсан билээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг