sonin.mn
ШӨХТГ-аас санаачлан өнөөдөр “Хэрэглэгчээ дээдэлсэн-Бизнесийн хөгжил 2016” нээлттэй хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгч худалдаа үйлчилгээ эрхэлж буй 40 гаруй аж ахуй нэгжүүд оролцож,  хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийн баталгааг  хангах талаар хэлэлцэв.
 
ШӨХТГ-ын улсын байцаагч Д.Гантөмөр “Манай байгууллага энэ сарын эхээр үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүд хэрхэн хэрэглэгчээ сонсож, санал гомдлыг нь хүлээж авдаг талаар түүврийн аргаар сонгогдсон 16 байгууллагуудыг шалгасан. Бүх аж ахуй нэгж хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авдаг утастай болсон ч олон улсын байгууллагаас гаргасан шалгуураар бол шаардлага хангасан хоёрхон аж ахуй нэгж байна" гэлээ. 
 
Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч Де Пау Хенк “Европын холбооноос Монголд хэрэгжүүлж буй таван төслийн нэг нь энэхүү төсөл юм. Манай төслийн нийт санхүүжилт нь 3.9 сая евро бөгөөд гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлнэ. Төсөл маань ирэх оны гуравдугаар сард дуусна.
 
Төслөөрөө хэрэглэгчдэд зориулсан стандартыг сайжруулах юм. Өнгөрсөн жилээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай идэвхтэй хамтарч ажиллаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг боловсруулж, бэлтгэж өгсөн байгаа. Ингэснээр Европын холбооны хэрэглэгч ямар эрхтэй байна яг тэр эрхийг монголын хэрэглэгчид эдлэх эрхтэй болно. Үйлчилгээний байгууллагын зарласан 30, 50 хувийн хямдралууд хуурамч байх тохиолдол нэлээд гардаг. Ийм  хямдралыг хэрэгжүүлэх  аж ахуй нэгжүүдэд   эрх зүйн орчныг нь  зохицуулж өгөх ёстой.
 
Тиймээс хэрэлэгчийн эрхийг хамгаалах хууль хэрэгтэй юм" гэдгийг онцолсон байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн  шалгалтад “Wellmart” сүлжээ дэлгүүр, “Генерал ” худалдааны төв, “Тэнгэр плаза”, “Миний дэлгүүр”, “Every day”, “Жуков” худалдааны төв, “Бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Содон бөмбөгөр”, “Е-март”, “Оргил”, “Хаан банк”, “Скайтел”, “Саруул”худалдааны төв, “Номин” сүлжээ дэлгүүр хамрагджээ. Эдгээрээс хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг байгууллагаар “E mart” худалдааны төвийн нэр дурдагдсан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг