sonin.mn
КАЛЕ. /Reuters/. Францын Кале хотын “Jungle” дүрвэгч, цагаачдын хуаранг өнөөдөр татан буулгаж, орчныг нь цэвэрлэх гэж байна.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, тус хуаранд 7000 орчим хүн туйлын бохир заваан нөхцөлд амьдарч байгаа аж. Ийм учраас Францын бусад хотууд дахь дүрвэгчдийн хуарангуудад очихыг тэдэнд зөвлөж байна.
 
Гэтэл дүрвэгчдийн зарим нь Их Британид очихыг хүсч байгаа учир тэндээс явахаас татгалзсаар байгаа аж.
Их Британи улс тус хуаранд амьдарч байгаа харгалзах хүнгүй 1300 хүүхдийг хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
Хуаранг татан буулгах төлөвлөгөөг танилцуулах үүднээс 10 мянга орчим ухуулах хуудсыг дүрвэгчдэд тараажээ. Кале хотын цагаачдад зориулсан 7500 орыг Францын бусад хуарангуудад бэлтгээд байна. Мөн дүрвэгчдийг тээвэрлэх 60 орчим автобус бэлэн болжээ.
 
Францын ДХЯ мэдэгдэхдээ “хуарангаас явахаас татгалзаж буй дүрвэгчид болон хуаранг татан буулгаж, цэвэрлэх ажиллагаанд саад болж байгаа ТББ-уудын эсрэг хүч хэрэглэмээргүй байна. Гэхдээ ажиллагааны үеэр цагдаа нарыг байрлуулна” гэв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг