sonin.mn
КАРТЕГАНА. /Xinhua/. Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "ФАРК" /Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин/ босогчдын бүлэглэлийн ерөнхий командлагч Тимолеонт Хименес нар даваа гарагт Картегана хотод түүхэн энхийн гэрээнд гарын үсэг зурснаар 52 жил үргэлжилсэн иргэний дайнд албан ёсоор цэг тавилаа.
 
Энхийн хэлэлцээрт хоёр эрхэм гарын үсэг зурснаар тус улсын түүхийн шинэ мөчлөгийн эхлэлийг тавьсан байна.
 
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Куба, Эквадор болон Латин Америкийн бусад улсын төрийн тэргүүн нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцлоо.
 
Талууд Кубын нийслэл Гавана хотод дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд хөдөөгийн хөгжил, улс төр дэх "ФАРК"-ийн оролцоо, зөрчил мөргөлдөөнд цэг тавих, мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох гэсэн таван зүйл заалтыг тусгасан байна.
 
Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.
 
Г.Доржханд

Эх сурвалж:"Монцамэ" агентлаг