sonin.mn
САН-ФРАНЦИСКО. /Anadolu/. Дэлхийн улсууд хамтран дорвитой арга хэмжээ авсан тохиолдолд Антрактидын дээгүүрх озоны давхаргын асар том цоорхой 30 жилийн дараа гэхэд битүүрч магадгүй гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
 
Озоны давхарга бол агаар мандлын чухал хэсэг бөгөөд нарны хортой туяанаас дэлхийн гадаргууг хамгаалдаг юм. Ийм давхарга байхгүй болбол арьсны хорт хавдартай хүн, амьтны тоо асар олширно гэсэн үг.
 
Антрактид тивийн дээгүүрх озоны давхаргад асар том цоорхой гарсныг 1985 онд олж илрүүлсэн билээ. Хлорфторнүүрстөрөгчийн органик нэгдлийг (CFCs) ашигласны улмаас энэ цоорхойг үүссэн гэж судлаачид үзэж байна. Уг химийн бодисыг хөргөгч болон шүршигч шингэнүүдийг хийхэд ашигладаг ажээ.
 
Тиймээс CFCs-ийг ашиглахыг хязгаарлах тухай гэрээ буюу Монреалийн протоколд 1987 онд 196 улс гарын үсэг зуржээ.
 
Харин озоны давхаргын цоорхойн хэмжээ оргилдоо хүрч тэлсэн 2000 оноос хойш энэ нүхний хэмжээ мэдэгдэхүйц буюу 4 сая хав.дөр.км-ээр багассан байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын нутаг дэвсгэрийн бараг талтай тэнцэхүйц хэмжээгээр багассан гэсэн үг юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг