sonin.mn
Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт
 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар 2008 оны зун анх томилогдож ирээд тус яамны удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, ажлын танилцуулах илтгэлүүдийг сонсох зуур шинээр дорвитой юу хийж бүтээж болох тухай эргэцүүлж сууснаа тод санаж байна.
 
Яамны Гадаад харилцааны хэлтсийн даргын илтгэлд олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оролцооны талаар болон хойшид тавих зорилтын тухай нэн сонирхолтой асуудал хөндөгдсөнд ихээхэн олзуурхсанаа нуух юун. Би түүнээс энхийг сахиулах ажиллагаанд манай улс ямар учраас цөөн тооны цэрэг оролцуулаад байгаагийн учрыг лавлахад, тэрээр, НҮБ-аас зэвсэг техникийн чанд шаардлага тавьдаг, үүнийг бүрдүүлэхэд чамгүй хөрөнгө шаардагддаг. Энэ асуудлыг шийдвэрлэчихвэл манай Зэвсэгт хүчин батальоны хэмжээнд цэрэг илгээх боломжтой гэсэн хариу өгөв.
 
Тэр мартагдашгүй өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын илтгэлээс тус салбарын хэмжээнд гадаад хэлний мэдлэгтэй боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн болон Ирак, Афганистан, Сьерра Леон гэх мэт НҮБ-ын болон олон улсын ажиллагаанд манай дайчид оролцож боломжийн туршлага хуримтлуулсныг сонсоод энэ салбарт  миний хөөцөлдөж гүйцэлдүүлэх том ажил бэлэн байгааг олж харсан юм.
 
Гадаадын улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах  хоббидоо хөтлөгдөн Монголын Батлан хамгаалах салбарын энхийг сахиулах ажиллагаагаар дамжуулан бусад улс оронтой цэргийн итгэлцлийг илүү бэхжүүлэх, тэдний томоохон тусламжийг авах боломж байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрч билээ. Нэг үгээр хэлбэл, манай салбар бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, энхийг сахиулах ажиллагааны тодорхой туршлага хуримтлуулсан, дотоодын эрх зүйн зохицуулалт нь бүрдсэн байсан нь бид л санаачлагатай шургуу зүтгэвэл цаашид улам хөгжүүлж, батальоны хэмжээнд буюу тухайн үед энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан бие бүрэлдэхүүний тоог гурав дахин өсгөх боломжтой нь ойлгогдож байсан юм.
 
Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай бие бүрэлдэхүүн НҮБ-аас цалинжих, тэнд ажиллагаанд ашигласан зэвсэг техник нэг бүр түрээсийн мөнгө авдаг гээд олон ашигтай тал байдаг, тэр ч бүү хэл зарим улсууд зэвсэгт хүчнийхээ төсвийг зөвхөн энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноороо бүрдүүлдгийг мэдэж байсан ч сайд миний хувьд цэрэг дайчид маань  хэдий эрсдэлтэй ч дайн байлдаантай газраас, манай цэргийнхний ярьдгаар бодит газар орон дээрээс ажиллагааны туршлага хуримтлуулах боломж нээгдэх нь хамгийн чухал байсан.
 
Хожим батлан хамгаалахын сайдын албаа өгсний дараа тус салбарт амжуулсан ажлаа дүгнэж байхад энэ салбарт хэрэгжүүлсэн хамгийн том ололт маань Өмнөд Суданд батальон хэмжээний цэрэг буюу 850 хүнтэй томоохон бүрэлдэхүүнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын шаардлагад нийцсэн зэвсэглэл техниктэй цуг илгээж чадсан маань жинхэнэ үйл хэрэг байжээ.
 
Шинээр ийм ажиллагаанд анх удаа том бүрэлдэхүүн  илгээж байгаа болохоор бидэнд багагүй бэрхшээл тулгарч байсны хамгийн хүндрэлтэй нь НҮБ-аас Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрүүлэхэд оршиж байсан. Учир нь энхийг сахиулах ажиллагаанд оролцоод туршлагажсан, өөрийн гэсэн унаган англи хэлтэй Энэтхэг, Пакистан, Балба, Бангладеш зэрэг улсууд НҮБ-ын хэмжээнд шинээр ажиллагаа нээгдэх бүрд өөрсдийн гэсэн “лобби”-гоо ажиллуулж бүх квотыг хувааж авдаг уламжлалтай байсан юм.
 
Иймээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын хэмжээнд уйгагүй хөөцөлдөж монгол цэрэг дайчдынхаа давуу чанарыг ойлгуулах маш  чухал байлаа. Энэ амаргүй чимхлүүр ажилд Монгол Улсаас НҮБ-д сууж байсан Байнгын төлөөлөгч, хатагтай О.Энхцэцэг болон бусад дипломат ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэснийг талархан дурсах байна.  Би өөрөө ч  хэд хэдэн удаа Нью-Йоркт томилолтоор ажиллаж  НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын болон бусад холбогдох өндөр түвшний албан тушаалтнуудтай нүүр тулан уулзаж учир байдлаа танилцуулж, ярилцдаг байсан. Ингэж тал бүрээс нь шургуу хөөцөлдсөний үр дүнд эхлээд Чад улсад нэг явган батальон илгээх асуудлыг зөвшөөрүүлж чадсан юм.
 
Чад улсад нүүрлээд байсан хямрал үндсэндээ намжиж, дайтагч талууд нь гал зогсоох гэрээ байгуулсан боловч дайны хөлөөс дүрвэсэн иргэдийн байдал туйлын хүнд болсонд олон улсын хамтын нийгэмлэг үнэлэлт өгч дахин цэрэг оруулах болсон ба энэ нь цэвэр хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх мандаттай ажиллагаа байлаа.
 
Энхийг сахиулах явган батальонд тавигдах НҮБ-ын шаардлагыг  хангахад бидэнд тулгарсан нэг  том бэрхшээл нь ажиллагаанд авч явах бүх техникүүд дизелийн түлшээр ажилладаг байх ёстой гэсэн шаардлага байсан. Гэтэл манай батальон авч явахаар төлөвлөсөн хуягт тээвэрлэгч (БТР)-үүд бүгд бензинээр ажилладаг тул ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад өөрийн зүгээс  дэмжлэг хүссэн албан захидал хүргүүлж, энэхүү гал асч аминд тулсан асуудлыг газар дээр нь хөөцөлдүүлэхээр яамныхаа төрийн нарийн бичгийн дарга,  хошууч генерал М.Борбаатарт яаралтай томилолт өгч Москвад илгээснээр төдөлгүй Оросын Зэвсэгт хүчнээс харьцангуй сүүлийн үеийн БТР-70 хуягт тээвэрлэгч 16 нэгжийг хүлээн авч, дотоодын зах зээл, Зэвсэгт хүчний нөөцөөс бусад зарим техник, машин механизмыг бүрдүүлэн НҮБ-ын техникийн шалгалтын хэсгийг  Монголд  буухаас өмнө нэн шахуу хугацаанд шалгуулах иж бүрдлийг бэлэн болгож байлаа.
 
Хэдийгээр манай салбарынхнаас үл хамаарах шалтгаанаар Чадад бүтэн батальон явуулж чадаагүй ч тийшээ итгэл хүлээлгэн илгээсэн хурандаа Л.Онцгойбаяр захирагчтай бие бүрэлдэхүүн маань хүнд нөхцөлтэй халуун газар оронд   олон хүндрэл бэрхшээл туулсан ч үүргээ тун амжилттай биелүүлж, улс төрийн хувьд монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүргээ чамбай биелүүлж чаддаг болохыг олон улсын хамтын нийгэмлэгт дахин нотлон харуулсан билээ.
 
Төдөлгүй Чадын ажиллагаа дуусгавар болж бидний хувьд дараагийн ажиллагаанд оролцох боломжийг хайх асуудал босч ахиад л НҮБ-ынхныг “царайчлах” хэрэг гарсан юм. Тухайн үед манайхаас Зааны ясан эрэг улсад явган батальон, Иракт нэг явган рот илгээж болох боломжит хувилбар гарч ирж байсан. Иракийн хувьд, хэдийгээр өмнө нь манайхан тэнд очиж олон улсын цэргийн ажиллагаанд оролцож монгол цэргийн ур чадварыг гайхуулж байсан ч энэ удаад гүйцэтгэх үүрэг нь дэндүү эрсдэлтэй гэж үзсэн. Зааны ясан эрэг улсад илгээх цэргийн хувьд тухайн улсын тодорхой бус улс төрийн шалтгаанаас үүдэн цуцлагдсан ба тэгээд ч дуусах шатандаа орсон ажиллагаа байсан тул цэрэг илгээх асуудал дахин хөндөгдөөгүй.
 
2011 онд Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо зарлаж, НҮБ-аас тэнд зохион байгуулж байсан UNMISS ажиллагаанд бие бүрэлдэхүүнээ оролцуулах боломж гарч ирсэн боловч нөгөө л “монополь” улсууд хамаг орон тоог хамчих гээд байсан тул би өөрийн биеэр Нью-Йорк явж НҮБ-ын дээгүүр зиндааны холбогдох албан тушаалтнуудтай  дахин уулзах хэрэг гарч билээ.
 
Тун удалгүй НҮБ-аас Зүүн Африкийн Өмнөд Судан улсад зохион байгуулж байгаа ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальоныг оролцуулах шийдвэр гарсан. Энэ нь манай Зэвсэгт хүчний энхийг сахиулсан оролцооны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн шийдвэр байсан юм.
 
Өмнөд Суданы ажиллагаанд Чадад үүрэг гүйцэтгэж туршлага хуримтлуулсан бие бүрэлдэхүүн онцгойлон оролцсон бөгөөд ялангуяа хурандаа Л.Гансэлэм захирагчтай эхний ээлж шинээр хариуцлагын бүс  хариуцах болж Өмнөд Суданы Бэнтью хотод цулгуй тал дээр НҮБ-ын анхны бааз байгуулж байлаа. Манай явган батальоныг дагаад UNMISS ажиллагаанд Монголоос оролцох штабын хорь гаруй офицеруудын орон тоо ч гарлаа.
 
 Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Өмнөд Судан улсад айлчилж үүрэг гүйцэтгэж байгаа манай бие бүрэлдэхүүнтэй очиж уулзахад UNMISS-ийн удирдлага монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь бидний нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн байсан юм.
 
Тухайн үед Афганистанд манайхаас үүрэг гүйцэтгэж байсан бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж энэ талаар сонирхоход АНУ болон НАТО-гийн гишүүн зарим улсын цэрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг бие бүрэлдэхүүний цалингийн асуудал босч ирсэн.
 
Энэ ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалинг энхийг сахиулах бусад ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрөөс өгдөг байсан тул зарим хүмүүс “ямар ч ашиггүй…” гэж буруутгадаг байлаа. Түүнийх нь хариуд “бид мөнгөний төлөө цэргээ гадагшаа илгээдэггүй…” гэдэг хариулт өгдөг юм.
 
Монголын Зэвсэгт хүчний түүхэнд хамгийн олон тоотой бие бүрэлдэхүүн Өмнөд Суданд илгээснээр манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч дэлхийн Топ-20 орны эгнээнд баттай жагсах болсон юм. 2010 оноос хойш нийт 5441 цэргийн алба хаагч энхийг дэмжих хэд хэдэн ажиллагаанд амжилттай оролцсоноос  зөвхөн Өмнөд Суданд 4250, түүний дотор 146 эмэгтэй цэргийн алба хаагч хүнд хэцүү нөхцөлд эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлээд байгаа нь бидний жинхэнэ бахархал  билээ.
 
Үүний шууд үр шимээр НҮБ-аас манайд  өгдөг хөрөнгө мөнгөний хэмжээ  өсч, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн эх үүсвэр эрс нэмэгдэж, үүнийг зориулалтынх нь дагуу бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж, тэднийг орон байраар хангах, түүнчлэн зэвсэг техникийн шинэчлэлд ашиглах болсон. Хамгийн сүүлд миний сонсож мэдсэнээр Зэвсэгт хүчний хөгжлийн санд жилд 50 гаруй тэрбум төгрөг ордог болсон гэдэг. Энхийг сахиулагч цэрэг дайчдадаа олгодог цалингийн хэмжээ ч өсч нэмэгдсэн нь тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьдрал ахуйд нь оруулсан бодитой хөрөнгө оруулалт болсон билээ.
 
Сүүлд сайдын үүрэгт ажлаа өгснөөс хойш Өмнөд Суданы улс төрийн байдал хурцдаж, НҮБ-аас UNMISS ажиллагааг өргөжүүлэх болоход манайхаас Секторын командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан сонгогдож, шалгарсанд үнэхээр бахархаж, Монгол Улсаасаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны генералаа ажиллагаанд явахаас нь өмнө, мөн Өмнөд Суданд томилолтын хугацаагаа дуусгаад ирэхэд нь миний бие хүлээн авч уулзаж чин сэтгэлээс баяр хүргэж байсан нь саяхан билээ.
 
Тухайн үед манай яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хошууч генерал М.Борбаатар, Ирак, Сьерра Леоны анхны ээлжийг ахалж явсан хошууч генерал Б.Баярмагнай, UNMISS ажиллагааны секторын командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа Л.Гансэлэм зэрэг цэргийн хэргийн өндөр мэдлэг, боловсролтой олон арван офицеруудынхаа гавьяаг энэ дурсамжиндаа дурдахгүй байх аргагүй.
 
Тухайн үед өөрийн гадаад харилцааны асуудлыг бие даан шийдвэрлэж чаддаг байсан учраас манай яамыг “Бага гадаад хэргийн яам” гэж Засгийн газрын танхимын зарим сайд нар маань  нэрлэдэг байсан нь  үнэнд ойрхон үнэлэлт  байсан агаад тухайн үед надтай хамтран ажилласан бүтээлч хөдөлмөрч генерал, офицеруудын гар нийлсэн хамтын ажиллагааны  бодит үр дүн мөн гэж үздэгээ төгсгөлд тэмдэглэе.
 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан,
УИХ-ын гишүүн Лувсанвандангийн БОЛД