sonin.mn

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.05.05.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад 56.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж даргалав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Г.Уянга, Л.Эмх-Амгалан, С.Бямбацогт нар саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэнГеодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 1997 онд баталсан Геодези, зураг зүйн тухай хуульд байр зүйн зургийн ангиллыг нарийвчлан тусгаагүй бөгөөд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 32 дугаар зүйлд 1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын газрын зургийг төрийн нууцад хамааруулахаар заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас болоод бүх төрлийн геодезийн хэмжилтийн үр дүнд бий болсон байр зүйн зургийг дэд бүтцийн салбарт ашиглах, нийтийн хэрэгцээндхэрэглэх боломжгүй байгаа. Түүнчлэн газрын зурагт суурилсан орон зайн өгөгдөл мэдээллээр төрийн байгууллагуудын хооронд болон иргэдэд нээлттэй үйлчлэх дэд бүтцийг бий болгох, энэ чиглэлийн бизнесийн орчныг сайжруулах, дэд бүтцийн салбарт бүх төрлийн төлөвлөлт, мониторинг хийхэд нийтийн хэрэгцээний байр зүйн зургийг ашиглах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа аж.

Иймээс энэ асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг Геодези, зураг зүйн тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулийн үе шатны ажил эхэлчихсэн энэ үед хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан болон зайлшгүй шаардлагатай гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын удирдлагууд ярилцаж тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул нэгэнт хэлэлцэж эхэлсэн Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан хуралдаан даргалагч Р.Гончигдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд орсон Шүүх байгуулах тухай хууьд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Ингээд байнгын хорооны саналаар Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгасан шилжилтийн үеийн зохицуулалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль болгох зэрэг төслүүдийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан хуулийн төсөлд тавигдах нийтлэг шаардлагад нийцүүлэх чиглэлээр холбогдох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, А.Тлейхан нар асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тус байнгын хороо Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухалйбал, төслийн 3 дугаар зүйлийг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болгож, 1 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.” өөрчлөн найруулж, хуулийг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.