sonin.mn
НЭГ. УЛААНБААТАР
 
(нэг хүний хувийн бодол-эргэцүүлэл)
 
Амрыг чинь эрье, Баг-Үүл ээ!...
 
Чи, бид хоёр, Маршал Чойбалсангийн нэрэмжит I-р арван жилийн сургууль дээр, хааяахан уулзахад, чи, надад инээмсэглэж ирээд л хацраа үнсүүлдэг байсан... Тэр бол хоёр талтай байж... Тэр тухай одоо “түүх” яриад яана!..
 
Шувууны ангаахай өд гуурс нь ургаж гүйцэхээр, үүрээ орхин нисдэг... Үүрэндээ хэзээ ч эргэж ирдэггүй...
 
Бидний үр сад тийн, өсч өндийн нисэн одоод, чи бид хоёр уулзахаа байж... Тэр цагаас хойш, бас л хэдэн жил улирчээ... Энэ хооронд, чиний амьдралд том үйл явдал болж... Чи, их хотын эзэн болж... Энэ хотын амьдрал-байдал, чамд, сэтгэлд чинь нэг л дундуур санагдаж... Энэ хотын амьдрал-байдлыг үндсээр нь эргүүлээд, яагаад дэлхийн олон улсын нийслэл шиг нийслэл болгож болохгүй гэж...
 
Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг... Зоригловол Улаанбаатарыг бусад олон улсын нийслэлийн жишигт хүргэж болохгүй гэж үү. “Болно” гэсэн бодол чиний санаанд багтсан байна.
 
Тэгээд чи, энэ хотын амьдралд, ёстой хүзүүгээрээ татгал орооцолджээ. Одоо чи, энэ хотыг өөрийнхөө санаж бодсонд хүртэл өөд татахаас нааш, энэ гогцооноос мултрахаас өнгөрч... Чи аймшигтай эргүүлгэнд (гогцоонд) хүзүүгээ хийжээ. Одоо үүнээс гарах тун амаргүй... За-а бараг боломжгүй гэж хэлж болохоор... Гэвч, чи гарчих байх аа!...
 
Гарахдаа, чухам яаж гарах гээд байгаагий чинь ойлгохгүй байна. Чи, Улаанбаатарыг дэлхийн дэндүү өндөр хөгжсөн улсуудын нийслэлийн жишигт хүртэл хөгжүүлж барахгүй л болов уу. Энд олон шалтгаан байна. Хамгийн нэгдүгээрт цаг хугацаа хэрэгтэй... Дэлхийн олон улсын нийслэлүүд гэдэг чинь олон зууны настай!... Зөвхөн Москва гэхэд л арай л 900 жил болоогүй байгаа байх. Аугаа их эх орны дайны дараахан Москва хотын 800 жилийн ойг тэмдэглэж, Москва хотын эзний урилгаар манай Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргааны дарга Багаа гуай, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамдин гуай, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байсан жүжгийн зохиолч Ч.Ойдов гурав оролцож байсныг би санаж байна. 
 
Түүгээр барахгүй, Москва хотын 800 жилийн ойд зориулсан баярын хурал Бөмбөгөр ногоон театрт хийж, том концерт тавьж, тэр концертод, тэр үедээ нэр цууд гараад байсан манай урлагийн бүх шилдгүүд оролцож байлаа!... Москвагийн 800 жилийн ойд зориулсан илтгэлийг тэр үед боловсрол-мэдлэгтэйд тооцогдож байсан сэтгүүлч-орчуулагч Базарын Дашцэрэн тавьж байлаа. Тэр илтгэлийг дараа нь тусгай ном болгон хэвлүүлсэн... Тэгэхээр одоо 900 нас руу дөхөж яваа Москвагийн дэргэд манай Улаанбаатар өсгөлүүн хүүхэд л байгаа биз дээ?! Түүгээр барахгүй, Улаанбаатарыг Улсын нийслэл шиг нийслэл болгон хөгжүүлэхэд, чиний нас, зүтгэл, хүчин чармайлт хүрэхгүй (барахгүй).
 
Анхнаасаа л мэдэхгүйн гайгаар буруу замаар (аргаар) үндсээ (сууриа) тавьчихсан ийм хотыг одоо яаж засах юм бэ? Би 1940 онд Улаанбаатарт орж ирсэн. Тэр үед Улаанбаатар маань эсгий хот л байв. Хоёр давхар нэртэй байшин хоёр гарын арван хуруунд хүрэхгүй. Тэгэхдээ, тэр, хоёр давхар нэртэй байшин, заримынх нь хоёр давхарт гаднаас, тээр дороос өгсүүлсэн олон гишгүүртэй шатаар өгсөж гардагсан. “Үнэн” сонин, улсын хэвлэх үйлдвэрт тийм шаттай байв.
 
Явган хүний зам гаргах, элдэв мухар догшоос салгах, шулуухан сайхан өргөн гудамж чөлөө гаргах, хаашаа ч харсан хот минь яасан сайхан цэвэр цэмцгэр, саруулхан цээлхэн юм бэ? гэж хэлэгдэхгүй ш дээ. Улаанбаатарыг дээхэн үед оросын (зөвлөлтийн) барилгын ядуухан бядуухан загвар хувилбар гэлцдэг байсан. Сүүлхэн хэрдээ Улаанбаатарыг хятад, солонгосын барилгын хэлбэр галбир хуулж байна гэлцэх болсон... Одоо, хот маань хаашаа, ямар улсын нийслэл хотыг дуурайн хөгжиж байгааг хэн ч таах (хэлэх) аргагүй боллоо.
 
Ямар ч болтугай 90 шахам жил бариагүй өндөр сүндэр барилгууд л унтаад босохын хооронд хаа сайгүй өндөрлөж сүндэрлэн босч байна!... Шил тоосго цемент бетон болсон энэ олон өндөр барилгуудыг дээд засгаас яаруу шамдуу, шахаж шаардаад бариулаад байна уу?! Бат-Үүл чи, шаварт унасан шарын эзэн гээд учир утгагүй зүтгүүлээд, бариулаад байна уу? Ийм цемент бетон шивэр ширэнгэ яаран туйрэн арзайлгах сэрзийлгэх ямар шаардлага гарсан бэ? Шинэ хороолол гэнэ... Дагавар хот л гэнэ.
 
Улаанбаатарын газар шороон дээр багтахгүй, улмаар хотыг тойрсон дөрвөн уулсын ам хөндий, энгэр бэлийг дүүртэл барилга!... Барилга!... Барилга болгох гээд байгаа юм уу?! Бид чинь саяхан болтол орос, хятадын барилгачдын гар харсан адгийн арчаагүй амьтас байсан... Гэтэл одоо, манайхан чинь энэ их өндөр сүндэр шивэр ширэнгэ босгох арга, ухаан, урлагт яасан амархан сурчих нь энэ вэ?! Гадаад орны барилгачидтай хамт манайхан энэ их хотыг цогцлоож байгаа юм биз дээ! Энэ олон шинэ хорооллын барилга чинь хотын хөлтэй, бэлтэй, мөнгөтэй хүмүүс суухад хүрэлцэхээр болчихсон юм биш үү! Зарим баячуудад хороолол бүрийд хичнээн ч шинэ байр эзэмшихэд хангалттай болоод байгаа юм биш үү?! Одоо босоод байгаа... Босгох гээд байгаа шинэ хорооллуудын тансаг барилгуудад орчих, мөнгөтэй, бэлтэй хүмүүс гэр хорооллынхонд хэр олон үлдээд байгаа бол оо! Улаанбаатарын энэ газрын хөрс чинь, энэ их шивэр ширэнгийг дааж байгаа юм уу! Өвөл болохоор овойж өргөгддөг, дулааны улиралд доош сууж хотойдог газар зөндөө л байсан...
 
Хотын энэ хөрс их л чийглэг байсан... Тэгэхээр ийм их шивэр ширэнгийг даах нуруутай (баталгаатай) юм биз дээ?!
 
Бат-Үүл ээ! Чиний аав болон биднүүд 40 мянгатын барилгууд босч, тэнд орж суух түлхүүр хүлээж авахад төмөр түлхүүр хүйтэн байх учиртай байтал, тэр үеийн түлхүүрүүд бүлээхэн, дулаахан илчтэй сайхан байсан... Чи түүнийг мэдэхгүй л дээ!...
 
Тэр үед Эрдэнэ зохиолч, Цэрэндэжид багш хоёр чамайг төрүүлээд удаагүй байсан байх!... Тэгээд бид шинэ байранд ороод, суусан өдрөөсөө тоолоод сар бүрийн эцэст, сууцныхаа мөнгийг төлөөд явдаг байлаа. Манайх л гэхэд одоо, нэгдүгээр 40 мянгатын 22 дугаар байшинд 56 жил боллоо. Энэ хооронд би, гурван өрөөнийхөө үнийг хэд нугалан төлчихсөн. Энэ байшинд би, одоо үнэгүй суухаар болсон... Гэтэл биднийг одоо ямар аймшиг нөмөрч байгааг чи унш даа. Бид энэ байрны хөлс гэж зуны улиралд 10 гаруй мянга, өвлийн упирапд 20-30000 төгрөг төлдөг байв. Байр маань хөгширсөн, өтөлсөн... Түүний дээр яг манай 22 дугаар байрыг барьж гүйцээн, барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөх гэтэл ганц тоосгоны завод тоосгыг нь нийлүүлж барсангүй. 
 
Тэгэхээр орос ах нар хана туургануудыг савхан мод сүлжиж бэхлээд цемент бетон шавж өнгөлж будаад нүглийн нүдийг гурилаар хааж бөглөсөн... Одоо хажуу айлын хана луу уртхан хадаас цохихоор цөм цохиод цаад айл нь харагдаж байдаг... 56 жил болсон манай барилгад ганцхан удаа ор нэр болсон засвар хийсэн. Одоо манай барилгын хөлс 120000 буюу 130000 төгрөг болсон...
 
Орон сууцны конторынхон яагаад ингэж үнэ нэмээд байна вэ гэхээр бид мэдэхгүй, дээд газрын шийдвэр гэдэг.
 
Энэ чинь нугалаа юу, хугалаа юу!
 
Бат-Үүл ээ! Чи ийм шийдвэр гаргасан уу? Үүний эзнийг олж өгөх арга байна уу?! Биднийг энэрэн үзэх арга ухаан байна уу?
 
Одоо надад энэ байраа орхихоос өөр зам байхгүй. Ийм байр нэг л өдөр нурна! Бид дарагдаж үхнэ. Тэр яах вэ, би тэртээ тэргүй үхэх цаг нь болсон өгөр толгой!... Хэдэн хүүхэд, хэдэн ном минь хайран байна.
 
Би, Улаанбаатарт 75 жил амьдарлаа. 60-аад жилээ энэ нутагт өнгөрөөв, энэ л нутаг дээрээ үхмээр байна. Хуучин нь хамаагүй, засвар хийсэн 2-3 өрөө байр надад хэрэгтэй байна. Шинэ нутаг, шинэ хороололд очмооргүй байна.
 
 
 
Хэдэн өрөө өгсөн ч би тэнд орохгүй!... Гол бэрхшээл би тэр тансаг барилгын мөнгө төлж чадахгүй... Би угаасаа ядуу... Амьдрал минь яг тэр ядуу хэмээрээ дуусч байна... Би хэзээ ч баян тансаг яваагүй, тансаглах хүсэлд хэзээ ч автаж үзээгүй.
 
Би мөнгийг үзэн яддаг. Тэтгэвэр, тэтгэлгийн хэдэн мөнгийг элдэв татвар, төлбөр, хүүхдийн хоол, номд өгөөд санаа амардаг...
 
Улаанбаатарт босч байгаа өндөр барилгуудыг хараад би айдаг. Би, энэ хотод байнгын түгшүүр дотор амьдарч байна. Чамаас өмнө хотын дарга байсан Т.Билэгт гэдэг хүнд “Өдөр өнгөрөх тусам аймшгийн түгшүүр нэмэгдээд байна!...” гэж захиа бичиж байв. Одоо тэр түгшүүр өдөр өнгөрөх тусам улам газар авч буюу нэмэгдээд байна. 
 
Манай энэ Улаанбаатар өндөр барилга бариад байх газар мөн үү?! Хорь гаруй давхар барилгууд босч байна. Чи, нэг удаа дөчин давхар барилга барина гэж хэлэх шиг болсон... Тийм барилга үнэхээр босвол түгшүүр дээр түгшүүр, айдас дээр л айдас нэмнэ. Манай энэ өндөр барилгууд, дэлхийн өндөр барилгууд барьдаг улсуудын тийм өндөр барилга барьдаг, хөгжсөн найдвартай жишигт хүрч байгаа юм уу?!
 
Хот байгуулахад анхаардаг нэг гол зүйл тэр газрын хөрсний найдвартай байх явдал гэдэг. Дэлхийн хотуудын заримд хөрс суух аюул нүүрлэж байв. Улаанбаатарын газрын хөрсөнд би айдаг. Чийглэг, их ачаа даах газар биш гэж боддог. Манай хотын хөрс тийм багалгаатай юмуу?
 
Бат-Үүл ээ, чи санаж байгаа байлгүй! 2014 оны зуны сүүл, намрын эхээр байх!... Америкийн Калифорнд хүчтэй газар хөдлөлт болсон... Ойрын 25 жилд болоогүй хүчтэй . газар хөдлөлт гээд байгаа... Тэгэхээр тэр нутаг, газар хөдлөлтөд байсхийн өртдөг юм байна. 
 
Хохирол урьдчилан тооцоолсноор тэрбум доллар гэсэн. Манайхаар хичнээн төгрөг вэ? 33 дүүргийн 77 мянга гаруй барилга байшинд “Улаан тэмдэг” тавьсан гэдэг. Тэр бол цаашид, эдгээр барилгад нэвтрэхэд аюултай гэсэн дохиог илэрхийлж байна гэсэн үг аж. Калифорнийн газар хөдлөлт 6 баллын хүчтэй байж!... Орон гэргүй болсон иргэдийг хотын төв дэх сүм рүү хүртэл нүүлгэн шилжүүлж байна гэсэн.
 
Бат-Үүл ээ!... Калифорнийн энэ аймшигтай гамшгийг манайхаас хол манайд (бидэнд) хамаагүй гэж болохгүй биз дээ?!
 
Манай Улаанбаатар чинь 6 баллын хүчтэй газар хөдлөлтийн цэг дээр бил үү, бүс дээр байдаг гэдэг биз дээ! Саяхны мэдээгээр Улаанбаатарыг тойрсон 8000 уцаа газар хөдлөлт болсон байдаг. Бид түүнээс мэдэрсэн, сэжиг хар авсан удаа бий юу? Олон хавар нэгэндээ гэдэг. Гэнэт Улаанбаатарт арай хүчтэй газар хөдлөлт болбол чиний босгуулаад байгаа энэ өндөр барилгууд чинь яах вэ? Дааж, тэсч тогтох уу?!
 
Калифорни мужид болсон газар хөдлөлт шиг аюул болбол хотод босоод байгаа энэ олон өндөр барилгууд тиим аюулыг давж, тогтож чадна гэсэн баталгаа бий юу?! Калифорнийнхоос арай хүчтэйхэн газар хөдлөлт болбол яах вэ!
 
Тийм хүчтэй газар хөдлөлт болохгүй гэсэн баталгаа байхгүй ш дээ. Би ямар барилгын мэргэжилтэн биш!... Гэхдээ би, хүн л юм болохоор, энэ Улаанбаагарын өндөр барилгуудыг харж явахдаа, огтхон ч баярлаж явдаггүй, харин ч үргэлж айж бэмбэж явдаг шүү! Нүд улаан, мөнгө цагаан гэдэг билүү?! Манайхан чинь газар дэлхий дүүрэн, нэг л их олон хороолол, дагавар хот... өөр юу юу ч гэнэ вэ, тийм барилгууд барих гэж, бидний залуу дээр цагийн хэллэгээр (социалист уралдаанд дэндүү яаруу сандуу шахуу түлхүү үүрэгтэй ажиллаад байгаа юм биш үү?)
 
Өндөр өндөр лүглэгэр саглагар моддын үндэс дэндүү далд, дэндүү гүнзгий юм даа. Тиймдээ ч тэд мөн ч хүчтэй, аймшиггай салхи, хар шуургыг ажиггүй, хэнэггүй давж гаран, тэсч тогтдог байх!... Манай хотынхны барьж байгаа барилгуудын суурийг харахаараа би мөн л айж элдэв муу юм бодож явдаг шүү!...
 
За тэгээд энэ олон-өндөр сүндэр барилгууд чинь манай хотынхны өнөөдрийн шаардлагыг хангаж, чадаж байна уу?
 
Барилга нь нурж унах магадлалтай болоод ондоо сургуулийн хичээлийн цаг дуусахаар тэнд очиж хичээллэдэг сургууль дуулдах... Гурван ээлжээр хичээллэдэг сургууль дуулдах... Төрөх эхүүдийн байр хүрэлцэхгүй байна гэх... Хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахгүй, нэг орон дээр хоёр гурван хүүхэд хэвтэх шахаж байна гэх... 
 
Ерөөсөө эмнэлгүүд ачааллаа даахаа байж байна гэх... За тэгээд нэгэн улсын нийслэл гэхэд аливаа хөгжсөн, соёлтой орнуудад зайлшгүй байх шаардлагатай. Улсын төв музей, Улсын номын сан, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга, Дуурийн театр (манай дуурийн театр ганцхан тайзтай гэнэ. Гадаадын урлагийн суутууд ирээд уран бүтээлчдийг маань магтах мөртөө, театрыг маань голж байна) гээд өөр бус эрдэм соёлын өч төчнөөн орд харш байхгүй... Зарим нь зориулалтын бус байранд маш олон жил амьдарч байхад, яагаад тэдгээрийг анхаарч болдоггүй юм бэ?! 
 
Үгүй тэгээд, энэ олон хорооллын барилгуудад над мэтийн юм уу, надаас бядуухан иргэд ороод амьдарчих газар байна уу?! Гадаад орнуудад, арай ч улсын асрамж тэтгэврийн газар оччих болоогүй, ганц бие хүмүүс цуглаж амьдардаг, тусгай зориулалтын их сайхан газрууц байдаг. Манайд ядахдаа нэг хороололд ч гэсэн тийм барилга байна уу? Бид чинь дэлхий дээр гэрээрээ гайхуулдаг... Гэр гэдэг үнэхээр давтагдашгүй уран барилга юм даа!... Хэдэн жил нь хамаагүй ноцолдож байгаад гэр маягийн барилга хороолол... Эсвэл яг тэр маягийн сууц-байшин ганц нэгийг босгож болохгүй юу?!
 
 
Гадаадад босгодог ижил төстэй барилгуудыг харахад, тэд, үнэхээр ижил төстэй юм шиг боловч, сайтар ажвал барилга бүрийд заавал нэгнээсээ ялгагдах нэг онцлог байдаг гэдэг. Манай энэ босч байгаа барилгуудад тийм онцлох ялгаа байна уу?!
 
Бат-Үүл ээ!
 
Газар хөдлөлт, үер, түймэр гээд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн өч төчнөөн иргэдээ нүүлгэн шилжүүлж амьдруулдаг бараг урьдчилан бэлдчихсэн гэхээр байр гадаад орнуудад байдаг юм байна. Дээр өгүүлсэн Калифорни мужийнхан, иргэдээ хотын төв дэх сүм рүүгээ хүртэл нүүлгэн шилжүүлж, түр ч болтугай амьсгаа авахуулж байх!
 
Манайд тийм юм бий юу?! Ганц Гандангэгчэнлин хийд хэдэн хүнийг орогнуулаа аж!... Үгүй тэгээд тэр хийд маань өөрөө хичнээн бат бөх орон сав юм бол оо!
 
Жил бүрийн хотын төсөвт авдаг тэр олон тэрбум тэрбум төгрөгөөр Туул голын хөндийг дүүртэл... Түүгээр барахгүй хот тойрсон уулсын ам хөндий, энгэр бэл дүүртэл барилга барих гэснээс ондоо санаа сэдэл болохгүй юу?!
 
Төрсөн өссөн газар нутгаа орхин эзгүйрүүлээд мал сүргээ элдэв аргаар хүйс тэмтэрч хэтэвч түрийвчээ дүүргэж цүндийлгэчихээд, Улаанбаатарт ирж, уулын энгэр бэл ам хөндий, тэр бүү хэл, олны оршуулгын газартай айлсан... Зарим нь олон жилийн өмнө газар дор орж, цагийн эрхээр газар шороо болон эдгэрчихсэн хөөрхий хүмүүсийн нутаг дээр гэр барин аж төрж байгаа ш дээ!... 
 
Хот тойрон ийн амьдарч байгаа олон зуун мянган иргэд, амьдралын олон өнгөт үйл явдлын эрхээр Улаанбаатарыг бараадсан... Ихэнх нь улсын маань нийслэл юм чинь Улаанбаатарт амьдарч байгаа үндсэн иргэд шиг яагаад амьдарч болохгүй гэж гээд нүүгээд, зүтгээд их сайхан мөрөөдлөөр хүрээд ирсэн. Гэтэл хөөрхий тэд эндүүрсэн... Хотын зах бараадахаас өөр арга зам олдоогүй... 
 
Ингэж ирсэн олон зуун мянган иргэдэд ингэж ирэхээс өөр аргагүй ч олон учир шалггаан байсан тэр бүхнийг тоочоод яана!... Би тоочиж барах ч үгүй!... Хот тойрсон энэ олон зуун мянган иргэд дотор одоо эх эцгийнхээ нутаг усыг санаж мөрөөдөж байгаа нь ч бий... 
 
Өөрснийхөө төрсөн өссөн нутаг дөрвөн улирал, мал сүрэг ариухан, цээлхэн бэлчээр нутаг усаа санаж бэтгэрч байгаа нь ч бий!... Хотын бохир орчин, утаа тортог, дуу чимээ, аливаа үйлчилгээнээс хол, газрын мухарт түрэгдэж очиж орхиод, элдэв тусламж үйлчилгээ хүлээж, хүртэж чадахгүй зовж зүдэрч, ядарч туйлдаж байгаа нь маш олон байгаа. Ингэж хүний нутаг, гүний газар үйлээ үзэж явснаас төрсөн, өссөн нутаг усандаа эргэн очиж, хүний эрхээр жаргаснаас, өөрийн эрхээр зовж амьдрахсан гэсэн
бодолтой хүмүүс маш олон байгаа!... Гэтэл тэд хөөрхий, нугаг нугаа бараадах гэхээр юм юмаар гачигдаж, боогдож, сэтгэл санааны элдэв дарамт байнга үзэж. суугаа ш дээ!..
 
 
Тэгэхээр, хотыг бүсэлсэн гэр хорооллынхон дотор хөдөө төрсөн өссөн нутагтаа эргэж очихсон гэсэн эрхэм гэгээн хүсэл мөрөөдөлтэй иргэд хэд хичнээн байгааг айл өрх нэг бүрээр судлах ажил хийж болохгүй юу?! Энэ ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийг маш өргөн ашиглах учиртай!... Тэгээд, хөдөө нутгаа тэмцье гэсэн иргэдэд өргөн тусламж дэмжлэг үзүүлэх хэрэггэй!... Хотод барьж байгаа, барихаар төлөвлөж байгаа тансаг хорооллуудад зориулах их мөнгөнөөс нутаг усаа бараадья гэсэн иргэдэд зориулах хэрэгтэй биш үү! Тэдэнд туслах ажилд гар татаж болохгүй!... Харин ч зүйл бүрээр туслах хэрэгтэй биш үү! Тэднийг нутаг усанд нь нүүлгэж хүргэнэ. Өвөлжөө, хаваржаа гээд аль хүссэн газар нь орон сууцны бат бэх байр сууц барьж туслах хэрэгтэй. Одоо, хөдөө сайхан, эрүүл саруул нутаг усандаа эрх дураар амьдрах иргэд юугаар дутагдаж гачигдах юм. Холбоо харилцаа, үзэх харах юм бүх талаар хангалтгай, боломжтой боллоо ш дээ. Нар салхины хүчийг ашиглаад тэд, хаа ч гэрэл гэгээтэй саруул сайхан амьдрах бүх талын боломж бий боллоо ш дээ!... Зам харилцаа ч аятай сайхан болж байна...
 
Зөвхөн Улаанбаатарын тухайд энэ мэт өөр бус зөндөө юм бичмээр байна...
 
Гэвч, эрхэм дүү Бат-Үүл чамд санаж бодсон зүйлийнхээ эхний хэсгийг үүгээр түр тасалбар болгоё!
 
...Бэрхшээлийн өмнө зогсож байхдаа бид, харилцааны бат суурь гэдэг юу болохыг мартаж орхидог. Хамгийн хэцүү үед ч биесээ ойлгож, хайрлаж чадвал бат бөх суурин дээр байшин босгох юухан байхав гэж нэг их ухаант эрхэм хэлсэн үг байх! Энэ үгийг шинжээд байвал ганцхан байшин барилгын тухайд биш, бидний амьдралын бүх талыг хамарч хамаатуулан хэлсэн бололтой!... Мөн ч ухаантай үг юм даа!
 
Энэ үгийг л хаа хаанаа бодож, ухаантайхан, хэрсүүхэн, өөр хоорондоо халуун харилцаа дэм тустай амьдаръя л даа!...
 
Бидэнд чухам энэ тал л их дутагдаад, хоцроод байх шиг санагдах!...
 
2015-7-8 сар Шадивлин зуслан
 
Үргэлжлэл бий.
 
 
Монгол улсын ардын уран зохиолч Бөхийн Бааст