sonin.mn

Саяхан Олимпийн дундуур нэгэн казак “эрдэмтэн” над руу байн байн орж ирэн хэрүүл өдсөнийг зарим хүн санаж байгаа байх. Одоо түүнд эхний хариуг өгч байна. Гэхдээ цаад уг учир нь их том юм билээ. Гол асуудал казакуудад ч байгаа юм биш, манай Ц.Элбэгдорж мэтийн төрийн зарим зүтгэлтний болчимгүй үг хэл, мөн “Чингис хааны дэлхийн Академи” мэтийн хийрхүү байгууллагын тэнэг үйлдлээс болсон гэхэд буруудахгүй гэж бодож байна. Ер нь сүүлийн үед монголын түүхээр хийрхэж, гадаад харилцаа тогтоох нэрийн дор түүх-улс төрийн занганд орох үзэгдэл элбэгшиж байгааг би П.Давааням мэтийн “түүхч” нөхдүүдэд онцлон сануулж байна.


Хүн бол Монгол


Манай түүх бичлэгт Хүн гүрнийг НТӨ 216 онд Модун шаньюй байгуулсан гэж бичдэг боловч төрт ёсны уламжлал үүнээс лавтайяа хэдэн мянган жилийн өмнө байсан гэж бүх эрдэмтэд үзэж байгаа. Нотолгоо нь Хятадын цагаан хэрэм, цаашилбал нүүдлийн сонгодог мал аж ахуй бүрэлдсэн явдал болно.
Модун хаан болмогцоо хүчирхэг гүрнийг “нэг өдөрт” байгуулах боломжгүй юм. Учир нь Хүн гүрэнд төрт ёсны уламжлал нэгэнт зүгшрэн тогтсон 24 том аймаг байсан юм. Одооны хэллэгээр бол Модун хаан тэднийг нэгтгэж нэгдсэн гүрэн байгуулсан. Зүгээр л бэлэн байсан нүүдэлчдийн жижиг улсуудыг томруулж улс гүрэн байгуулсан. Логик нь ийм.


Хүн гүрний угсаатны бүрэлдэхүүн олон янз боловч эрдэмтэнд монгол, түрэг гэж маргалддаг ирсэн. Гэхдээ саяхан болтол…
Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүд хүн бол монгол гэдгийг хөтөлбөргүй баталж байгаа. Манай зарим нөхдүүд “хуучны” орос мэдлэгээрээ яваад байдаг тал бий. Одоо нэр томъёоны будлиан гаргахгүйн тулд Хүн улсаа “хуучнаар” нь Хүннү гэж нэрлэе.
Энэ үед Төв Азид Хүннү, Дунху, Усунь, Динлин, Юэж гэсэн төрийн бүрдэл байсан. Бусад олон “жижиг юм” байсан боловч тооцоонд авахгүй.


Судалгааны өнөөгийн түвшинд Хүннү болон Дунху нь монгол угсааны Сяньби, Ухуань, Жоужань, Тогон, Муюн, Хятаны өвөг дээдэс, Усуныг түрэг хэлтэн, Динлинг теле-гийн өвөг дээдэс, юэжи нь иран хэлтэн гэж гэж үздэг болсон.


Хүннүг монгол, түрэг гэж олон жил маргаж ирсэн. Энэ маргаан яаж шийдэгдсэн талаар сэдэв, зүйл тус бүрээр өгүүлье.
Бичиг соёл.

Энэ нь монголчуудын бичгийн дурсгал багатай, байлаа ч утга учир нь үл мэдэгдэх руни хэмээх бичгээр байдагтай холбоотой. Ухаандаа Орхон-Енисейн руни бичээс түрэг хэлээр байдгаас түрэгийн бичиг гэж үздэг байсан юм.
Гэтэл Болгарын эрдэмтэн С.Дончев өвөг болгарын тэмдэг тамга, Герман, Скандинавын рун, монголын малын тамга зэргийг жишиж үзээд “болгар нарын өвөг бичиг хүннү нартай холбоотой, Хүннү нар бичгээ Төв Азиас Төв Европ хүртэл аваачсан” гэж дүгнэсэн юм.
Хэрэв орос Кирилл Мефодын цагаан толгой болгараас үүссэнийг тооцох юм бол бид бүх бичиг үсгийн хаан байсан гэж даварч ч бас болно ш дээ. Манай өвөг дээдэс бичиг үсгээ малынхаа тамга болон бас бус нандин зүйлд (?!) үлдээж чадсан гэдэг нь эргэлзээгүй.
Хүннү бичиг үсгийн санааг Роно-Таш, Ф.Алтхайм, Г.Спасский, Отто Менчен-Хелфен нарын олонхи эрдэмтэд дэмждэг юм. Энэ бүхнийг үндэслэн Орхон-Енисейн түрэг гэдэг руни бичээс Хүннүгийн бичгээс дам салбарласан гэх үндэслэл гарч байгаа юм. Үүнийг монгол хүн хэлээгүй аль 1848 онд Е.Блоне гэх франц эрдэмтэн хэлсэн юм.
Өөр нэг нотолгоо нь руни бичгийн дурсгал түрэгүүдээс бүр өмнө мянгаад жилийн өмнө олдсон юм. Байхгүй байхад нь бий болсон юмыг түрэгүүд өмчлөх эрх байхгүй л дээ.


Археологи. Энийг бол яриад ч барахгүй. Сүүлийн үеийн хэрэглэгдэхүүнээс үзвэл монгол нутагт 3000-4000 хүннү булш байгаагаас ердөө 300 орчим булшийг малтан шинжилж, бас л ердөө л 150 орчмын материалыг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож байгаа юм.
Энэ бол манай эрдэмтэд чадлынхаа хэрээр “ухаж олсон” хэмжээ юм. Ямар казакстан шиг улс орноо эргэж хөрвөтөл хайж байгаа биш. Энэ 150 гэхэд л гайхамшигтай үр дүнд хүргэж байгаа.
Монгол бол хүчирхэг Хүн гүрний голомт бөгөөд эх өлгий мөн. Энд нийслэл, хот суурин, язгууртны хийгээд ардын булш бунхан бүгдээрээ бий. Өөр газар байж болох боловч дагуул шинжтэй байж л болно.
Энд би олсныг нь дурдах л боломжтой, манай эрдэмтэд бараг бүртгэж ч амжихгүй байна. Нотолгоо нь тэд сүүлийн арваад жилд 1000-аад шинэ булш бүртгэсэн байна. Харин би ганц л зүйл баталгаатай хэлж чадна. Тэнд казак юм ганц ч байхгүй.
Генетик. Хүннүгийн 62 бодгалийн яснаас дээж авч, эртний ДНХ ялган авч генетик өгөгдлийг шинжлэхэд эдгээр дээжийн 89 хувь нь Азийн хаплогруппт (А, B4b, C, D4, D5 буюу D5a, F1b) хамаарч байсан бол 11 хувь нь Европын хаплогруппт хамаарч (U2, U5a1a, J1) байсан нь Хүннү нарын дийлэнхи нь Монголжуу төрхтөн байсныг харуулах баттай баримт юм. Мөн Эгийн голын хүннү болон орчин үеийн хүн амд хийсэн ДНХ-ийн судалгаагаар эхийн талаас удамшдаг буюу mtДНХ-ийн 9 хаплогруппт болон SNP-ийн 27 хаплогруппээр энэ нутгийн хүннү болон монголын орчин үеийн хүн ам хоорондоо ижил байна гэсэн дүгнэлт гарчээ. (Christine Keyser-Tracqui, Erik Crubezy, Horolma Pamzsab, Tibor Varga and Bertrand Iudes 2006).
Мөн баруун Монголын Хүннүчүүдээс 6, Төв монголын хүннүчүүдээс 11 хаплогрупп илрүүлснээс A,D5, M9, M хаплогрупп зөвхөн Төв Монголын хүннүчүүдэд илэрч, бусад бүс нутагт тохиолдохгүй байна. (Монгол-Солонгосын хамтарсан судалгаа. Докторант Г.Лхагвасүрэнгийн ажил. 2008 он)
Харин тэр үед түрэг гэж байсан, казах гэж ор тас байгаагүй. Тиймээс хүннү, казах хоёрыг харьцуулсан генетик судалгаа арга зүйн талаасаа утгагүй асуудал. Хэрэв ийм судалгаа хүчээр хийгээд ямар нэг үр дүн гарвал тэр нь казакуудын хэр монголжсон, монголжоогүйн хэмжээнээс өөр юуг ч харуулахгүй.
Харин манай зарим мангар нөхдүүд “генетикийн судалгаа” гэсэн болгоныг даган цуурч явдаг утгагүй тэнэг зангаа татаж явбал таарна. Тэнэгээ мэдэхгүй байж “генетик” энэ тэр гэж ярихаа болих л хэрэгтэй ш дээ.


Казакийн “түүх” ч гэж дээ.


Энд би НТӨ хэдэн мянган жилийн өмнөхөөс Хүн гүрний үеийг ярьж байна. Монгол казах хоёрын хооронд наад зах нь 1500 жилийн ялгаа байгаа юм л даа.
Ухаандаа казах гэсэн нэршил хэзээ хойно XY зууны үед үүссэн. Нарийн яривал Жанибек, Херей гэдэг вангууд өөрийн аулыг авч Сырдарьяагаас зүүн тийш Могулистаны захирагч Есөн бөхийн нутагт орж ирэн 1465 онд Казакын ханлигийг байгуулснаар эхлэн үүссэн. Сайндаа ч биш юмаа. Могулистаны Вэйс хааныг манай Ойрдууд хөнөөж улс нь тарсны улмаас газар нутаг нь эзгүй болсон хэрэг. Яг энэ үед Ак Орда (монголоор ах орд гэж байгаа биз) гэх узбек угсаат улс л одоогийн казакстаны нутагт байсан. Семиречийн цутгал Чу, Талас голын саваар нутаглах энэ узбекууд улсаа байгуулж Казакын хант улс гэж нэрийдэж байжээ. (Монгол Улсын түүх, III боть, 2004 он, 147 дахь тал).


Ингээд 40 жилийн дараа 1500 онд тэр нь Бухарын хаант улс болж ард түмнийг нь мэдээж узбек гэж нэрлэх болсон.
1635 онд Монголын Зүүн гарын Эрдэнэ баатар хунтайж казакыг дайлаар мордож тэд Каракумын элсэн цөл хүртэл зугтсан. Олон жил дайтсан. 67 байлдахад тэд 2 удаа ялж байсан гэхээр бүх асуудал ойлгомжтой. Улс гэх нь байтугай казак гэж байгаа эсэх нь үлэмж эргэлзээтэй. Бараг узбекээс гарсан байх…
Ингээд тэд 1717 онд Оросын I Петр хаанаас өршөөл гуйж Оросын ивээлд орж амь гарсан түүхтэй.
Энэн дээр чинь одоо юугийг нь яриад түүхээр маргалдах ёстой гэж ? Монголчууд казакуудтай түүхээр ёстой яриад байх юм юу ч байхгүй…
Түрэгийн тухайд
Харин түрэгийн тухай ярьж болно. Түрэг бол НТӨ I мянган жилийн өмнө бүрдсэн угсаатан соёлын нийтлэг юм. Түрэг хэлт ард түмэн НТӨ 3000 жилийн өмнө монгол аймгуудтай хамт түүхэнд тэмдэглэгдэж байсан. Гэхдээ түрэгүүд бол одоо дэлхийгээр нэг тараад бие даасан үндэстэн-улс гэж бараг байхгүй болсон. Иймээс түрэгийн түүхийг дангаар өмчлөгч хэн ч байхгүй.


Одоо зүгээр л орчин үеийн түрэг угсаат улсуудыг нэрлээд үзэхэд асуудал ойлгомжтой. Энд хашилтан дотор нийт хүн амд эзлэх түрэг угсаатны хувийг үзүүлэв.
Азербайжан (90), Казакстан (73), Киргиз (85), Туркмен (85 ), Турк, Узбекстан байна. Үүний дээрээс Хятадын Шинжаан-Уйгарын автонамит орон (64 хувь), Оросын Башкорстан (57 хувь), Кабардин Балкар (14,8), Карачаево-Черкесс (44,3), Алтай (40), Саха буюу Якут (47), Татарстан (56), Тува (77), Хакас (12), Чуваш (70), Молдавын Гагаузи (82), Узбекстаны Каракалпак (94,9) зэрэг улсууд орно. Дээрээс нь улс болж чадаагүй Кумык, Ногай нарыг оруулж болно.
Байдал ийм атал казакууд бүх түрэг угсаатны төв болох юм гэнэ. Монгол уурлахгүй юм гэхэд нөгөөдүүл нь уурлана биз дээ. Гэхдээ казакууд цаашаа биш, наашаа чиглэж байгаа нь их сонин л доо. Тэдэнд ингэх бодит шалтгаан байгаа ба баруун европ чигээс удирдаж буй энэ үйлдлийн цаад шалтгааныг би дараа ярьж ч магадгүй…
Одоо нэг л асуудал үлдэв. Энэ нь Түрэгийн эзэнт гүрний асуудал. Үүнийг түрэг улс гэж үздэг. Монгол нутагт байсан бол монгол улс байж таарна, тэнд Хүн болон монголын олон аймгууд байсан. Түрэг байлаа ч гэсэн энэ нь YII зууны асуудал, харин казакууд XY зуунд үүссэн учраас Монголын Түрэг улс тэдэнд огт падгүй. Харин эртний түрэг одооний турк хоёр чинь огт өөр хоёр угсаатан шүү дээ, нэр нь л төстэй байдаг юм. Үүнийг цаашдаа анхаараасай гэж хүсч байна. Асуудал ийм л байна.
Хэн ч гэсэн өөрийн түүхийг магтаж, ямар нэг хэмжээгээр дөвийлгэдэг. Гэхдээ бусдын түүхийг булаах, тэр тусмаа Агуу Их Монголын түүхийг булаах аргаар түүхээ бичих гэвэл ёстой гонжгор нь.
Уг нь түүхийн асуудлаар казакуудтай маргах онцын шаардлага байхгүй, гэхдээ тэд Монголын нэр төр, түүхэнд довтолбол би том жижиг гэхгүй байлдана, чингэхдээ заавал ялж байж сална. Яагаад гэвэл миний хажууд Монголоо өмгөөлөх олон сайхан Монгол залуус бэлэн зогсож байгаа…


Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 05.
Эх сурвалж: ganaa.mn блог