sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байгаа бөгөөд тэдгээр бодлогын баримт бичгүүд үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

Хөгжлийн бодлогын баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран 15-20 жилийн хугацааны буюу урт хугацааны, 8-10 жилийн хугацааны буюу дунд хугацааны, нэг жилийн хугацааны буюу богино хугацааны гэсэн төрөлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Нэг жишээ татахад, Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хөгжлийн үзэл баримтлалд үндэслэдэг байх шаардлагыг хуулинд тусгажээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг