sonin.mn

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдвар нь эдгэрсэн хамгийн сүүлийн хүн дахин эмнэлэгт хүргэгджээ.  Энэ тухай "Кориа геральд" сонинд тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээллийг иш татан бичсэн байна.

Тус сонинд мэдээлснээр, 10 дугаар сарын эхээр эмнэлгээс гарсан 35 настай эрэгтэйн цуснаас титэмт вирус дахин илэрсний дараа түүнийг эмнэлэгт дахин хүргэжээ. Эмнэлгээс гарсны дараа түүнтэй харьцсан гэр бүлийн гишүүд болон эмнэлгийн ажилтнууд зэрэг 129 хүнийг тусгаарласан байна.

Өмнөд Солонгост титэмт вирусийн халдварын тархалтыг бүрэн дарсныг энэ сарын 29-нд зарлахаар төлөвлөж байсан юм. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу, үүний тулд халдвар авсан сүүлийн өвчтөн эдгэрснээс хойш 28 өдөр өнгөрсөн байх ёстой. Тус улсад уг вирусийн халдварын шинэ тохиолдол долдугаар сарын эхээс хойш бүртгэгдээгүй юм.

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн билээ. Ойрхи Дорнодын орнуудад зорчоод ирсэн тус улсын иргэнээс вирусийн халдвар тархсан болохыг тогтоосон бөгөөд 186 хүн халдвар авснаас 36 нь нас барсан юм.

Д.Жаргал

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг