sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-д “Өөрийн эзэмшлийн агуулах, цэвэрлэх, хатаах болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгжид түр хугацаанд гэрээгээр ашиглуулж болно” гэсэн заалт нэмлээ.

Мөн хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаан буудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулах чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар шийдвэрлэлээ. Нэг цонхны бодлогыг хэрэгжүүлснээр 2015-2016 онд хүн амын хэрэгцээний гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний болон үрийн улаан буудайн нөөцийг дотоод, гадаад зах зээлээс бүрдүүлэх, гурилын үнийг тогтвортой байлгах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг