sonin.mn

Ромын эзэнт гүрэн ид хүчирхэгжин мандаж асан хоёр мянга гаруй жилийн тэртээ “Бүх зам Ром хүрдэг” хэмээх хэлц үүссэн билээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдгийг базаж томъёолсон энэ үг өнөөдөр “Бүх зам Хятад хүрнэ” хэмээн өөрчлөгдөж мэдэхээр болов.

Дөнгөж хориодхон жилийн өмнө хөнжлөө үүрсэн хөлсний ажилчид нь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн, хоёр зээрдээрээ хорвоогийн тоосыг самарч явсан Хятадын хөдөө нутаг өнөөдөр арчсан толь шиг цэмцийжээ. Учир нь мөнөөх “шоргоолж”-нуудаа суман галт тэрэг, суудлын машинд суулгаж, шаахайны мөрийг нь цементээр хучиж,  гангаар цутгасанюм.

Хятад улсын авто замын нийт урт 4.5 сая км-т хүрч, өндөр хурдны төмөр зам 16 мянган км-т хүрээд байна.Тоо баримтаас үзвэл, 2012 оны эцсийн байдлаар Хятадын авто замын урт 4 сая 240 мянган км, хурдны замын урт 96 мянган км-т хүрч, Хятадын дундаас дээш зэрэглэлтэй хотуудын 90 хувь нь хурдны замтай болсон байна. Дотоодын усан замын урт 125 мянга км болж, 32 мянган зогсоолтой болсон. Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 13 сая 400 мянга, ачааны усан онгоц 179 мянгад хүрээд байна. 2012 онд авто замаар зорчигчдын тоо 35 тэрбум 570 саяд хүрчээ. Авто замын ачаа тээврийн хэмжээ 31 тэрбум 890 мянган тоннд хүрлээ. Харин усан замын тээврийн хэмжээ 4 тэрбум 590 сая тоннд хүрсэн байна.

Энэ удаад зөвхөн Хятадын өндөр хурдны төмөр замын тухай хэдэн тоо баримт хэлье.Тус улс өнгөрсөн жилээс эхлэн хурдны төмөр замын уртаараа дэлхийд тэргүүлж  эхэллээ. Арваадхан жилийн дотор 16 мянган км зам тавьсан гээд бод доо. Өндөр хурдны галт тэрэг өнөөгийн  хүмүүсийн хамгийн эхний сонголт болоод байгааг бид мэднэ. 2007-2014 онд Хятадад өндөр хурдны төмөр замаар зорчсон хүний тоо 3 тэрбум 160 саяд хүрч, төмөр замаар зорчигсод 4.8 хувь байснаас 38.5 хувь болон өсжээ. Харин одоогийн байдлаар өдөрт нийт 2 сая 490 мянган зорчигч аялж байгаа мэдээтэй байна.

Хятадын төмөр замын төв компанийн ерөнхий менежер Шэн Гуанзү урьдчилсан төсөөллөөр жилийн эцэс гэхэд өндөр хурдны замыг 2000 км-ээр нэмж, 18 мянган км болгоно. 2020 он гэхэд хөрш хотуудын хооронд 1-2 цагийн хооронд аялах зам тээврийн сүлжээ байгуулна хэмээн оны эхэнд ярьж байсан нь одоогийн байдлаар бараг биеллээ олоод байна. Өнгөрөгч онд Хятад улс төмөр замын бүтээн байгуулалтанд 808.8 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, 8427 км шинэ шугамыг ашиглалтад оруулсан нь түүхэнд шинэ амжилт тогтоосон билээ. 2015 онд Хятадын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, хилийн чанад дахь хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэх, замыг "Гадагш гаргах" ажлыг түргэтгэхийг зорьж байна. 2014 он үнэндээ Хятадын төмөр замын жил гэж нэрлэж болохуйц ажил амжилтын жил байсан юм. Байгаль цаг агаарын хувьд хамгийн хүнд хэцүү газруудад тооцогддог, өвөрмөц тогтоцтой Гүй-Ян-Гуанжөү, Шанхай-Күньмин чиглэлийн хурдны төмөр замын Чаншагаас Хуайхуа хүрэх хэсэг, Ланьжөү-Шиньжян чиглэлийн хурдны төмөр зам, Наньнин-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам зэргийг бүтээн байгуулж ашиглалтанд оруулсан нь дэлхий нийтэд Хятадын хурдацтай хөгжлийг хүлээн зөвшөөрүүлээд байгаа юм. Ингээд зогссонгүй тэд 2015 оны сүүлч гэхэд хурдны төмөр замынхаа уртыг 18 мянган км-т хүргэж, 2020 он гэхэд ойр зэргэлдээ хотуудын хооронд 1-2 цагийн хугацаа зарцуулах зам тээврийн нэгдсэн сүлжээ бий болгоно гэж амласан. Өдгөө, Хятад улс "Дөрвөн босоо, дөрвөн хөндлөн" чиглэлийн гол шугамын хурдны төмөр замын сүлжээг үндсэндээ бүтээн байгуулаад дуусч байна. Одоо тэдний өмнө төмөр замыг "Гадагш гаргах" ажил байгаа. Шэн Гуан-зу хэлэхдээ:

-2015 онд Дундад улсын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, улсын гадаадын хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэхээр гол болгож, төмөр замыг "Гадагш гаргах" ажлыг түргэтгэх болно. Төмөр замыг "Гадагш гаргах"-д эхний удаад дотоодод аж ахуйн нэгжийн түвшний зохицуулалтын механизмыг түргэтгэн буй болгож, сөрөг өрсөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн байна.

Тэрээр мөн, "Холбогдох аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоогоо эрчимжүүлж, төмөр замын судалгаа, зураг төсөл, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дохиолол зэрэг салбарын аж ахуйн нэгжийн оролцоотой төмөр замын гадаад дахь аж ахуйн нэгж хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбооны механизмыг түргэвчлэн бүрдүүлж, дотоодын эх баялаг, гадны зах зээлийг ерөнхийлөн зохицуулж, муу үр дүнтэй өрсөлдөөнөөс зайлсхийж, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрч, төмөр замын бүх салбарын өрсөлдөх хүчийг нэмэгдүүлнэ” гэжээ. Мөн экспорт импортыг төрийн бодлогоор дэмжих болсон тул  Хятадын төмөр зам тэргүүний технологи, аюулгүй байдлыг хангасан, зардал багатай зэрэг давуу талуудыг бий болгох гэж хичээнэ гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян зэрэг Хятадын удирдлага дотоодын эдийн засгийн томоохон хурал зөвлөгөөнүүд дээр олонтаа цохон тэмдэглэхдээ, хурдны төмөр зам, үүнтэй холбогдох тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэлхийн зах зээл дээр Хятад улс “базах” хэрэгтэйг байнга сануулдаг. Олон улсын арга хэмжээнд оролцохдоо ч төмөр замаа сурталчилсаар байдаг. Түүнээс гадна Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа төмөр замаар харилцан саадгүй холбогдох ажлыг ч эрчимтэй хийж байна.

Тухайлбал, Хятад-Лаос, Хятад-Тайландын төмөр замын төслийг дурдаж болох юм. Мөн Унгар-Кипр, Москва-Казаний хурдын төмөр зам, Танзани-Замбигийн төмөр зам зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Энэ онд Хятадын төмөр замын барилгын 14-р товчооны ажилчид Эзнээ-Хами чиглэлийн эхний хэсэг болох 500 метрт зам төмрийг тавьснаар хойшоо гарах төмөр замын ажил албан ёсоор эхэлсэн билээ. Эзнээ-Хами чиглэлийн төмөр замыг байгуулснаар Хятад улс зүүн тийшээ Тяньжин гарам, баруун тийшээ Алаг уулын амаар дамжин төв Ази, тэрчлэн Европтой холбогдох юм. Ази европийг холбосон төмөр замын энэхүү төсөл нь Хятадын төмөр замын сүлжээний урт хугацааны төлөвлөгөөний чухал хэсэг төдийгүй Хятадын төв баруун нутгийн төмөр замын байгуулалтын чухал төсөл юм.

Уг төмөр замын нийт урт 629.9 км бөгөөд гурван жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй ажээ.  Эзнээ-Хами чиглэлийн төмөр замын ихэнх хэсэг нь элсэн цөлөөр дайран өнгөрөх тул ус, цахилгаан, холбоо, хүн хүчний дутагдалтай Хөхнуур Төвдийн төмөр замын барилгын ажилтай төстэй хүнд нөхцөлд явагдах юм.

Ийнхүү Хятад улс урт хугацааны хөгжлийн сууриа газарт гагнаж байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг