sonin.mn

Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар Тавантолгойн төслийг хөгжүүлэхээр шийдэж, улмаар  ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийг Монгол улсын Сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан билээ. Харамсалтай нь УИХ-ын дарга захирамж гарган, уг гэрээний төслийг хянах ажлын хэсэг байгуулснаар уг ажил гацан, улс орон даяар талцал, маргаан буй болоод байна. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Монгол улсын үе үеийн Ерөнхий сайдуудын хэлсэн үгийг хүргэе.


Д.Содном: Энэ ардчилал, зах зээл хоёрыг нэг л ойлгохгүй болоод ирлээ. Хэл амаа билүүдэж, хэрүүл шуугиан дэгдээж, их мэдэгчид болж, бүтээн байгуулалтыг гацаахыг арай хэлэхгүй байлгүй дээ. Санал бодол, онолоо хурдан нэгтгээд Тавантолгойн гэрээг харилцан ашигтай, сайн гэрээ болгож бушуухан батлуулаасай билээ. 2016 онд сонгууль гэж бужигнах юм чинь ажил хийлгэхгүй. Ийм учраас 2015 онд маш их бүтээн байгуулалт эхлүүлж, хийлгэж 2017 оныхоо өр зээлээ төлөхийг бүгдээрээ хичээх хэрэгтэй байна шүү дээ.

Д.Бямбасүрэн: М.Энхсайханыг зөв хийж байна гэж харж байгаа.Магадгүй үүнээс ч өөр арга зам байхгүй байх. Уг нь Тавантолгойг бүх л чиглэлээр нь ипмортлогч, хэрэглэгчтэйгээ биш гуравдагч хөндлөнгийн оронтой хамтарч ашиглах гэрээ хийсэн бол ахицтай байж болох байсан. Тийм хувилбарууд ч байсан. Ер нь энэ гэрээ цааш явах ёстой.

Ц.Элбэгдорж: Цагийн юмыг цагт нь хийхгүй бол улам илүү зардал гарна. УИХ асуудлыг хэлэлцэж, чадна, чадахгүй гэдэгтээ гол нь биш. УИХ-д өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Засгийн газарт өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Би өмнөх байр сууриндаа хэвээрээ байгаа. Аж, ахуй нэгжүүд хоорондоо гэрээ хэлцэлээ хийгээд явах боломжтой асуудал. Бид хөрөнгө оруулалтын хууль гэж гаргасан. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлыг л Засгийн газар яг хуулийн дагуу шийдэхэд л энэ аусудал бүрэн явах боломжтой.  Асуудлаа шийдэх түвшинд нь яриад явчих хэрэгтэй. Тавантолгойн хэлэлцээр улстөрчдийн "хоолоо хийдэг” хэрүүл битгий болчихоосой гэж бодож байна.  Аюулгүйн байдлын зөвлөл дээр тогтоол шийдвэрийг тусад нь зааж өгсөн. Тавантолгойн хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхэд та бүхэн өөрсдийн байр суурь, саналаа сайн хэлэх хэрэгтэй.  2014 оны дүнгээр хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс Голланд байна лээ. Монголын эдийн засаг агшиж, багасаад байвал ард түмний амьдрал л хэцүүднэ. Ажлыг хийлгэдэг байх хэрэгтэй. Энэ асуудал хойшлоод дахин шийдвэрлэгдэхээр болоход өнөөдрийн түвшингээсээ хөрөнгө оруулалт нь багассан байж ч мэдэх шүү.


Р.Амаржаргал: Өөрсдийн томилсон Засгийн газар, Ерөнхий сайддаа шийдвэр гаргах боломжийг нь өгөх ёстой гэж бодож байна. Би Тавантолгойн бүх нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Гэхдээ энэ төсөл цаашаа явах ёстой. УИХ шийдвэрээ гаргасан. Харин аж, ахуйн ажилд оролцож болохгүй. Засгийн газарт ажил хийх бололцоог нь олго. Юу хийхийг нь заагаад л гар хөлийг нь уяад байж байна. Гэрээний асуудлаар өнөөдөр ярилцах юм байна.  Үүнийгээ шийдэж чадахгүй бол шийдэх ч юмгүй болно. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ байгууллагаар хэлэлцэж буруу шийдвэр гаргавал дараа нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ?. Тэр юу гэж хэлээд байж байхав.  Ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Гэрэл гэгээтэй зүйл байвал түүнийгээ барьж аваад л явах хэрэгтэй. Зүтгүүлээд л явах хэрэгтэй. М.Энхсайхан бол ийм хэмжээний ажлыг аваад явах хангалттай туршлага, мэдлэгтэй хүн. Өнөөдөр Монгол Улс өдий дайтай хөгжсөн гол шалтгаан нь Эрдэнэтийн үйлдвэр. Энэ үйлдвэр монголчуудыг 30 жил тэжээлээ. Тэгвэл Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том. Харин Тавантолгой нь Оюутолгойгоос даруй дөрөв дахин том.
Манай улсын газрын хэвлийд нийт 2-3 триллион ам.доллар буюу 2-3 их наяд төгрөгийн ашигт малтмал бий гэсэн судалгаа байдаг. Нийт 6000 орд бий. Үүнээс хайгуул болон ашиглалтын лиценз олгосон 400 орд байгаагаас 200 нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ их баялаг уг нь Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, бие биеэ өөрөөр харахад хүргэж байна.  Тавантолгойн асуудалд УИХ өөрөө хутгалдаж орох нь зөв гэдэгт би эргэлзэж байна. Эцсийн эцэст бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан.

Н.Энхбаяр:

1. Тавантолгойн ард газар бүх ард  түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.


2. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.

Эдгээр байр сууринаас харахад УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь бидний зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоожид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг урилаж байна.

 М.Энхболд: Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигт Тавантолгой, Оюутолгой ордыг ашиглахдаа иргэд, олон түмэнд ил тод, парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр цааш нь үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулагдах Засгийн газар хэрэгжүүлнэ гэж зөвшилцсөн. Энэ зөвшилцлийн хүрээнд Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын зөвшөөрлийг авч байж энэ гэрээ байгуулагдах ёстой


С.Батболд: Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн "Чалко"-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан түүх бий.