sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.04.27/ Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тэрээр, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш гэв. Түүнчлэн Тавантолгойн ордыг социализмийн үед Оросын геологчид 100 сая доллараар хайгуул хийсэн. Тэдний судалгаагаар 6.3 тэрбум тонн нөөцтэй энэхүү ордын 30 хувь нь хатуу, 70 хувь нь коксжих нүүрс болох нь тогтоогдсон. Австралийн болон барууны орнуудын стандартаар хийсэн судалгаагаар 7.3 тэрбум тонн нөөц илэрсний 70 хувь нь коксжих нүүрс хэмээн тогтоосон. Зөвхөн 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод 1 тонн нүүрсийг 30 доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаагаа сэтгүүлчдэд дуулгав.
 
Энэ үеэр Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ганбаяр Таван толгойн ордын 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөв. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор Эрдэнэс тавантолгой ХК нь 15 тэрбум ширхэг хувьцаатай байна гэж зарласан. Түүний 2.1 тэрбум ширхэг хувьцааг 2.1 сая иргэдийн нэр дээр бүртгэсэн. Мөн 550 гаруй аж ахуйн нэгж 8497 мянган хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд нийт хувьцааны 15 хувь нь хувьцаа эзэмшигчдийн нэр дээр бий.
 
04 дүгээр сарын 29-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байна. Гэтэл 2.1 сая иргэд саналын эрхгүй гэдэг үндэслэлээр хуралд оролцохгүй болж байна. Үндсэн хуулийн 5.2 5.3 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийг эрх хэмжээний хэлцэлд оруулах ёстой. Тиймээс 2.1 сая иргэн бүгд оролцох боломжгүй нөхцөлд төлөөллийн байгууллагыг хуралд оролцуулах ёстой хэмээн тайлбарлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.