sonin.mn
 
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдээр, мөн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа. Ер нь төрийн өмчийн компанийг ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилж авдаг жишиг манай нийгэмд байх шиг байгаа юм. Тавантолгой болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай” гэсэн юм. Мөн тэрбээр, "Оюутолгойн төслийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ харилцан ашигтай байх гэсэн нөхцлийг бид шаардаж байна. 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 төгрөгийг авч үлддэг төсөл байгаасай гэж бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, гарсан алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар үүнд нь ямар дүгнэлт хийж буйд анхааралтай хандана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас Засгийн газрыг хүртэлх түвшний хариуцлагын асуудлыг хөндөнө” гэж ярьлаа. 
 
Түүнчлэн бие даагч гишүүд  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэв. Уг тогтоолд намын нөлөөлөлгүйгээр өндөр албан тушаалтныг томилно гэх мэтээр заажээ. Гэхдээ өмнөх хөтөлбөрүүд шиг хэрэгждэггүй хөтөлбөр болчих вий хэмээн тэд болгоомжилж байна. Үүний зэрэгцээ Худалдааны тухай хуулийг дэмжихээ тэд хэллээ. Харин хүнсний худалдаа, түүн дотроо хүнсний гадаад худалдааг зөвхөн онцгой эрхтэй компанид өгч, хяналттай байлгах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэж үзжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын маргаантай асуудлаас болоод ТЕГ-ын 6 байцаагч ажилгүй буюу зарим нь орон нутагт шилжиж ажиллаж буй тухай асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг