sonin.mn

МАН 2012 оны намар тухайн үед өөрсдийн эзэмшилд байсан  Лениний музейг  барьцаалан, иргэн Г.Алтангаас 1 сая ам.доллар зээлж, түүнийгээ орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулжээ.  Уг зээлээ МАН 2013 оны долдугаар сард төлөх байсан ч барагдуулалгүй өдий хүрчээ. Энэ үед шүүхийн шийдвэр гарч, Ленины музейг төрийн өмч гэж үзэн, МАН-аас хураан авав.


Иймээс Г.Алтан өөрийгөө гуравдагч этгээдээр татах хүсэлтийг шүүхэд тавьж, барьцаа нэгэнт төрийн өмч болсон тул Тусгаар тогтнолын ордныг нь нэг сая ам.долларын барьцаа болгох шийдвэр гаргаж өгөхийг шаарджээ. Г.Алтангийн хүсэлтийн дагуу шүүх барьцаагаа солихыг МАН-д үүрэг болгосон байна. ъ

Өөрөөр хэлбэл, Г.Алтангийн хүсэлт,  шаардлагаас өмнө шүүх МАН-ыг сандаргаж орхисон гэсэн үг. Харин МАН-ын удирдагууд 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд тайлбар гаргажээ. Тайлбарт :
1.    МАН болон иргэн Г.Алтан нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан. Тэр үед барьцааны зүйл болох 7550 мкв талбайтай Лениний музейн өмчлөгч нь МАН болохыг УБЕГ баталсан. Өмчлөгч нь мөн гэж 2011 оны хоёрдугаар сарын 15-нд бүртгээд, Y-2202002678 тоот гэрчилгээ олгосон. Мөн 4712 мкв газар МАН-ын өмч болохыг Нийслэлийн газрын алба 2011 оны аравдугаар сарын 7-нд бүртгэж гэрчилгээ олгосон.
2.    Барьцааны гэрээг Иргэний хуульд зааснаар нотариатаар баталгаажуулан, УБЕГ-т бүртгүүлж албан ёсны болгосон.
3.    Шүүхээр Лениний музейг төрийн өмч болохыг тогтоохдоо гуравдагч этгээд буюу Г.Алтанг болон МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй. Тиймээс барьцаа, түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхисон.
4.    Шүүхийн шийдвэр гарсны дараа Лениний музейг төрд шилжүүлэхийн өмнө барьцаа, түрээсийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Төрийн өмчийн хороо, ШШГЕГ-т удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй.
5.Барьцааны зүйлийг солих асуудлыг зөвхөн МАН-ын хүсэл зорилгоор буюу нэг талын шийдвэрээр шийдэж болохгүй.Барьцаалагч Г.Алтан зөвшөөрөхгүй нөхцөлд намын зүгээс ямар нэг арга хэмжээ авах боломжгүй юм.

6.Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон.
7.Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу Төрд шилжүүлэх нь зүйтэй.
8. Шүүхийн процесс буруу  явсан тул  Г.Алтанд төлөх нэг сая ам.долларыг  МАН биш Ленины музейг эзэмшигч төр төлөх нь зөв гэжээ.


Л.Ганзориг