sonin.mn

БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хил залгаа Мьянмар улсын зүүн хойд нутагт оршдог Кокан өөртөө засах мужийн /Шан муж/ зэвсэгт бүлэглэлийн босогчдод дэмжлэг үзүүлээгүй гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ.

“Бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг Хятад улс баримталдаг. Бид Мьянмар улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“Мөн Хятадын нутаг дэвсгэрт Хятад-Мьянмарын харилцаанд сэв суулгах эсвэл хил орчмын аюулгүй байдлыг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хувь хүмүүс болоод байгууллагуудад  зөвшөөрөхгүй” хэмээн Хун Лэй мэдэгдлээ.

Түүний хэлснээр, Хятадын Засгийн газар Мьянмарын талтай нягт холбоотой байгаа бөгөөд Бээжингийн эл байр суурийг Нейпьидогийн эрх баригчид өндрөөр үнэлж байгаа аж.

“Тайван тэвчээртэй байж, нөхцөл байдлыг даамжруулан хурцатгахгүй байхыг бид бүх талд хандан уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.

Мьянмар улсын зүүн хойд нутагт засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдааны ажиллагаанд Хятадын хөлсний цэргүүд оролцож байгаа тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд урьд нь гарсан байна. Мьянмарын босогчдын толгойлогч Пэн Зяшэн энэхүү мэдээллийг Хятадын нэр хүнд бүхий "Хуаньцю шибао" сонинд ярилцлага өгөхдөө няцаажээ.

Мьянмар улсын зүүн хойд нутгийн Кокан өөртөө засах мужид өнгөрсөн оны 12 дугаар сараас байдал түгшүүртэй болж эхэлжээ. Үүнээс өмнө босогчид болон Засгийн газрын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулаад бараг зургаан жил болж байна.

Мьянмарын босогчдын бүлэглэлүүд 1948 оноос эхлэн Засгийн газрын цэргийн эсрэг тулалдаж байгаа юм. Талууд үе үе гал зогсоох тохиролцоонд хүрдэг боловч мөргөлдөөн дахин дэгдсээр иржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг