sonin.mn

Өчигдөр төрийн ордонд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болов. УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Хөдөлмөрийн яам, МүЭХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон энэ уулзалтын завсарлагаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж ярилцсан юм.


-УИХ-д суудалтай намууд 2015 оны төсвийн тодотголд Монгол Улсын нийт өрийн нэрлэсэн үнэ 15 их наяд 980 тэрбум төгрөг болсныг харилцан тохиролцож, өрийн таазыг ДНБ-ний 58.3 хүргэх хуулийн төслийг баталлаа. үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай асуудлыг зарим гишүүний зүгээс хүчтэй тавьж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явгийн хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би байнгын хороон дээр энэ асуудлыг сөхөж тавьсан. МАНАН арай дэндэж байна. үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг огцорсон хүн ямар хамаатай юм гэсэн байдлаар хандаж болохгүй. Тухайн үед миний бие Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үйлдвэрлэл рүүгээ мөнгөө оруулаач ээ гэж шүүмжилж байсан.

Гэхдээ өнөөдөр энэ хүнийг арай ингэж хамаагүй гүтгэж болохгүй. Тэр хүн 58 хувийн өртэй болгочихоод зугатаагаад явчихлаа гэж МАНАН-гийнхан дуу нэгтэй орилцгоож байгаа нь үнэхээр хүн чанаргүй үйлдэл юм. Эцсийн эцэст бид өрийн таазаа нэмэхээс өөр арга үлдээгүй. МАН-ынхан саяхан л өрийн таазыг нэмбэл Монгол Улс сүйрнэ гэж хашхиралдаж байсан бол өнөөдөр энэ асуудалд хамтран гар өргөөд шийдэж байна. Одоо Монгол Улс бүр тааз, дээвэргүй болж нэгмөсөн санаа амарлаа. Н.Алтанхуяг өр тавиад тавиад 52 хувиас хэтрүүлээгүй.

Эд нар өрийг 58.3 хувь болгож аваад энэ хоорондох зургаан хувийг одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2015 онд авах гэж байна. Энэ зургаан хувийн өрөө Н.Алтанхуяг аль эрт татчихсан юм шиг ярьж байгаа нь нэгдүгээрт ёс зүйгүй, хоёрдугаарт Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Хамгийн гол нь шинэ өрийг юунд зориулах гэж байгаагаа тодорхой ярих ёстой.

-Та Оюутолгойн 34 хувийн талаар бас л нэлээн ноцтой юм яриад яваа?

-Оюутолгойн 34 хувийг Рио Тинтогоос өр тавьж авсан. Тэр нь хоёр тэрбум гаруй ам.доллар шүү дээ. Оюутолгойн энэ хоёр тэрбумыг Монгол Улсын нийт өр рүү оруулбал өрийн тааз аль эрт 70-80 хувьд хүрчихсэн байгаа. Монголын хүүхдүүд Оюутолгойн 34 хувийн өрийг төлнө. Одоо хүүгээ төлөөд эхэлчихсэн байгаа. Бид баялагаа сул тавьж өгөөд дээр нь хоёр тэрбум ам.долларын өрөнд ороод, одоо өдөр болгон таван цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний таван тэрбум төгрөгийг хүү болгон төлж байгаа. Өдөр болгон таван тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд нь төлж байгаа юм шүү. Энэ бол гамшиг шүү дээ.

-Энэ гам­­шгийг ший­дэх ямар ч боломжгүй болчихсон хэрэг үү?

-Рио Тинто Оюутолгойд Монгол Улсын хууль үйл­­чилдэггүй, тусдаа хуультай болчихсон. Монгол Улсын Татварын хуулиар 130 сая ам.доллар төлүүлэх гээд чадаагүй. Уг нь анхнаасаа 650 сая ам.долларын татвар авах байсан ч багасгасаар байгаад 130 сая болсон. Тэгвэл өнөөдөр шүүх дээр 130-аа ч өгөхгүй гээд заргалдаад явж байна. Бид энэ асуудлыг АТГ-т өгсөн. Хэд хоног хүлээгээд болохгүй бол Цагаан сарын дараа Рио Тинтогийн энэ даварсан үйлдлийн талаар нийт ард түмэндээ нэлээн хатуухан мэдээлэл цацах болно.

-Таны хувьд Хөдөмөр­ийн хуульд өөрчлөлт орж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Яг ямар үндэслэлүүдээр шүүмжилж байгаа вэ?

-Ер нь ганцхан Хөдөл­­мөрийн хууль ч биш. Монгол төрийн хуульд гаднын­­­­хны орол­­цоо, нөлөөлөл цадиг зам­­бараагаа үнэхээр алдлаа. Монгол төр гэж юм ер нь байна уу, үгүй юу. Би ард түмнээсээ сонгогдсон Монгол төрийн түшээ мөн л юм бол үүний эсрэг дуугарах, тэмцэх ёстой. Бүгд лоббины хууль болж хувирлаа. Тэр Хяналтын тухай хуулийг хар.

Үнд­­сэндээ өөрч­­лөлт оруулж байгаа хуулиудыг урдаа барьж Монгол төр­­ийг хүч­­гүйдүүлж, яваан­­даа эзэн суух маш хорлонтой бодлого яваад байна. Төр нь хүчгүй газар иргэд нь хүчгүй болдог. Иргэд нь хүчгүй орон бусдын идэш болдог жишээ дэлхийгээр дүүрэн байна. Тун удахгүй үндэстэн дамнасан корпорациуд Монголын уул уурхайн баялаг дээр ямар ч хараа хяналтгүй, санаа зовохгүй найрлах бэлтгэл хангагдчихлаа.

Саяын хурал дээр Олон улсын байгууллагууд Рио Тинто, Оюутолгойг илэрхий лоббидсон зүйл заалт Хөдөлмөрийн хуульд оруулахаар шахалт хийж байгааг би эсэргүүцэж санаа бодлоо илэрхийллээ. Хөдөлмөрийн хуульд байдаг жилийн болон урт хугацааны гэрээг үгүй хийх гэж улайрч байгаа нь жирийн ажилчин хүнийг гадаадын хөрөнгө оруулагчид дуртай цагтаа хөөж явуулах, нэг ёсондоо Монголд боолын хөдөлмөр эрхлүүлэх нөхцөл боломжийг хангуулахаар дайрч байгаа хэрэг юм. Монгол төр иргэдээ гадны хөрөнгө оруулагч нэртэй боловсон дээрэмчдээс хамгаалах ёстой. Төрийн зохицуулалт байхгүй бол тун удахгүй зэрлэг капитализм бий болно.

Цагийн ажил хийх боломжоор хангана гэж байгаа нь маргаашнаас эхлээд үндэстэн дамнасан корпорациуд бүх ажилчдаа хөөж явуулан цагийн ажилчин авах гэж байгаа юм. Цагийн ажилчин авсан тохиолдолд хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Хамтын гэрээ хийгээгүй тохиолдолд тэр хүний эрх ашиг хаана ч хамгаалагдахгүй болж, дуртай цагтаа хөөж явуулах эрхтэй болдог. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчдын ХХI зууны боол л болж байгаа юм. Саяын хурал нэртэй Олон улсын байгуул­­лагуудаас оруулж ирж байгаа шантaажны цугларалтад Монголын хөдөлмөр, нийг­­мийн хамгааллын чиглэлийн хэдэн эрдэмтэд нь бүгд худалдагдаад ирчихсэн сууж байна.

-Гацууртын ордыг эзэм­­шигч “Сентерра гоулд”-ынхан манай олборлолтын талбай Хүннүгийн үеийн булшыг хадгалсан Ноён уулын Сүжигтийн амнаас найман км зайтай хэмээн тайлбарлаж, олборлолт явуулахад түүх дурсгалын зүйл огтхон ч сүйдэхгүй гээд байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Энэ бол шал худлаа яриа. Бие даагчдын зөвлөлийн Х.Болорчулуун гишүүн Ноён уулын байдалтай газар дээр нь очиж танилцаад ирсэн. үнэхээр түүхийн хосгүй дурсгал хадгалсан тэр газар сэтгэл шимширмээр болж байгаа. Нутгийн ардууд бүтэн зургаан жил тэр хайрхан уул руугаа очиж үзэж чадаагүй. Сая УИХ-ын гишүүдтэй хамт очиж үзээд хэлэх үгээ олохгүй зарим нь багтраад уйлж байсан гэсэн. Хэлэх үг олдохгүй байна. Бид Африкийн араас орчихлоо.

-Гацууртын орд “Сен­­терра гоулд-ын шахалтаар стратегийн орд болж, “Бороо гоулд”-ын араас ямар ч татваргүй 50 тонн алтаа алдах нь тодорхой болж байх шиг байна. Одоо яавал зохилтой вэ?

-МАНАН Монголын ард түмнийг мартаж, дэндүү эрээ цээргүй биеэ үнэлж байна. Одоохондоо миний хийж чадах зүйл нь дахиж МАНАН-д ганц ч санал битгий өгөөрэй гэж Монголын ард түмнээс толгой гудайлган гуйх л байна даа. Энэ байдлаараа бол тун удахгүй энэ МАНАН Монгол Улсыг бүрэн дампууруулна шүү.

-Энэ бүхэнд дүгнэлт хийвэл Монголын улстөрд зайлшгүй шинэ хүч, зоригтой давалгаа хэрэгтэй болоод байх шиг. Та бүхний ярьж байсан шинэ нам юу болсон бэ?

-Санхүүгийн салбарын эрдэмтэд, их сургуулийн багш нар, хүч­ний байгуул­­лагын ажилт­­нууд, гадаад дотоодод төгс­­сөн шижиг­­нэсэн залуучууд гээд маш олон хүн бидэнтэй уулзаж, зүүний чиглэлийн “Хөдөлмөрийн нам” байгуулъя гэж ярилцаж байна. Би ард түмнийхээ төлөө зүтгээд 11 дэх жилдээ явж байна. Надад ямар нэгэн МАНАН-гийн дэмжлэг байхгүй, зөвхөн ард түмнийхээ хайр хүндлэлээр л явж байгаа. Би дан шижигнэсэн боловсролтой залуучуудаас бүрдсэн цоо шинэ нам байгуулж, ард түмнийхээ төлөө зоригтой ажиллах болно. Би тэдний гүүр нь болж эх орон ард түмнийхээ төлөө зүтгэнэ.

-Өнөөдрийн Монголын улстөрийг ажиглавал арай шийдэмгий, эх орныхоо төлөө илүү зоригтой ажиллах улстөрийн хүчин үгүйлэгдээд байх шиг санагддаг л даа?

-Би өөрөө үйлдвэрчний буюу зүүн төвийн хүн. Энэ үзэл бодлоо яагаад ч өөрчлөхгүй. Өнөөдөр Монголд жинхэнэ зүүний үзэл хэрэгтэй байгаа юм. Карл Маркс “Жирийн ажилчин хүнд зориулсан капитализмыг социализм гэнэ” гэсэн юм. Энэ бол хамгийн зөв тодорхойлолт. Өнөөдөр Оюутолгойд бараа бүтээг­­дэхүүнээ шах­даг хэдэн олигархи өөрсдийгөө зүүнтэн гээд явж байна. үнэн чанартаа тэд хамгийн экстрим баруунтнууд шүү дээ. Өнөөдөр Монголын улстөрийн намууд бүгд зүүнтэн ч биш, баруунтан ч биш. Хоёулаа мөнгөний төлөө МАНАН-ттал нийлсэн мөнгөний намууд.

Ард түмэндээ эднээс өөр сонголт бий шүү гэдгийг мэдрүүлэхээр боловсролтой, мэдлэгтэй шилдэг залуучууд нэгдэж байгаа. Тэр хүмүүст хүчээ өгөх нь миний дараагийн тэмцэл байх болно. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг өнөөдөртөө МАНАН гэрэлтэж л байг. Гэхдээ тэдний цаг дуусч байгааг өөрсдөө ч мэдэрч эхэлж байгаа.

Эх сурвалж: