sonin.mn

Сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийнх нь хэмжээ нэг хүнд ногдох талбайгаараа дэлхийд тэргүүлдэг, 59 сая толгой малтай, хоёр сая 900 мянга гаруйхан хүн амтай, төв Азийн цээжинд оршдог Монгол Улс газарзүйн түүхэн байрлалдаа тулгуурлаж, газрын хөрсөн дороо агуулсан хязгааргүй их баялагаа "баялгийн хараал"-аас зугатаалгаж чадсан бол өнөөдөр Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь "Бид ийм байдлаар удаан тэсэхгүй" хэмээн ард иргэддээ зарлаад зогсож байхгүй л байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч байсан нэг нөхөр "Алт" хөтөлбөр гээчийг бодон олж, хэрэгжүүлж эхлүүлснээс хойш Монголчуудын хэзээнээсээ амьдрал ахуйдаа мөрдлөг болгосоор ирсэн "Гэнэт их идэх гэдсэнд халтай" гээч нь болж баялгийн менежментийн талаар олигтой бэлтгэгдсэн мэргэжилтэнгүй шахам бид өнөөдөр улсаараа дампуурлын ирмэг дээр зогсож байна. Бид хэдхэн хоногийн өмнө ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ойг сүртэй, наргиантай, зарлагатайхан тэмдэглэн өнгөрүүлсэн.

Өнгөрсөн 25 жилд зургаан удаа УИХ-ын сонгууль гэгчийг хийхдээ зөвхөн нэг удаагийн сонгуульд доод тал нь 30 тэрбум төгрөг хийсгэдэг хийрхэл нэгэнт тогтсон. Гэтэл УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нэрээр ямар хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад орж ирж байна гэвэл хуурамч дипломтой, хууль эрх зүй, банк санхүү, баялгийн менежментийн талаар наад захын мэдлэггүй, гадаад хэлний үнэр ч үгүй этгээдүүд хууль тогтоох дээд байгууллагыг 4-12 жил зайдагнан сууж, өөрсдийнхөө үлдсэн насны амьдралд зориулсан хууль зохиогоод сууцгааж байгаа.

Хоёр жил болоод л Засгийн газраа онхолдуулж, дараагийнх нь хэсэг бүлэг этгээдүүд хахуульдаж, хулгайлж болох бүхнийг хаман авсаар өнөөдөр Монгол Улсад 250 орчим жинхэнэ олигархжсан, улстөр, бизнесмен гэр бүлүүд нийт баялгийн 70 орчим хувийг хяналтдаа оруулсан судалгаа бий. Өнөөдөр эдийн засгийн хямрал улстөрийнх болж Монгол Улс дэлхий нийтийн өмнө хоёр гараа өргөх дотоод хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйлсүүд ч ойрын хоёрхон сарын дотор эрс муудаж байгаа нь бидний байдлыг улам л олиггүй, улам л түгшүүртэй болгож байна.

Зургаан удаагийн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллагын сэнтийд луйвар, хулгайн бүх л арга замаар гарч ирсэн этгээдүүд Монгол Улсын эдийн засаг, улстөрийн институцууд харилцан уялдаа холбоотой, байнгын найдвартай, бат тогтвортой ажиллах талаар юу ч хийгээгүйгээр барахгүй сонгууль болгоны дараа тэдгээрийг хэдэн хэсэг болгон хагалан бутаргаж, дур дураараа авирласаар ирсний балгаар өнөөдөр манайд итгэдэг гадаад ертөнц үндсэндээ байхгүй болсон.

Гуравхан жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч хоёрдахь Кувейт, Катар хэмээн шуугиулж байсан. Манай ухаангүй ноёд ч учиргүй хөөрцгөөн дэвэн дэлхийгээр нэг нисцгээж гурав, дөрвөн томоохон боловсруулах үйлдвэр барьчих мөнгийг дараагийнхаа сонгуулийн пиар болгон зүгээр л баруун солгойгүй тараагаад цацчихсан.

Тэгвэл баялгийн менежментийн хамгийн сайн засаглалтай орнууд ялангуяа Норвегийн бэлээхэн туршлагыг аваад үзвэл орлого хэт нэмэгдэх нь заавал сөрөг үр дунтэй гэдгийг хоёр гурван жилийн хойтох төсөв санхүүгийнхээ бодлогод ч зохицуулан тусгадаг аж. Хамгийн гол нь нийт ард түмэн, төрийн мэдлийн баялгийг үр ашиггүй савируулах, авлига, хээл хахуулиас ангид байлгахын тулд Норвег улс 4.9 сая иргэддээ яг ижил хэмжээтэй ашгийн хуваарилалт хийдэг нефтийн сан, Засгийн газрын тэтгэврийн сангуудыг ажиллуулсаар ирсэн байна.

Гэтэл бид 2000 оны эхнээс буюу Монгол Улс жаахан мөнгөтэй болж эхэлсэн цагаасаа л баялгийн менежментийн хамгийн сайн засаглалтай Норвег улсаас тэс өөр, туйлын хорлонтой замаар явсаар өнөөдөр хөөсөрсөн эдийн засаг нь бодит хөрсөн дээр буунгуут ухаангүй ноёдоосоо эхлээд улсаараа сэтгэл гутралд шилжиж эхэллээ.

Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн зургаан удаагийн хийрхсэн, солиотой сонгуулиуд харуулж байна. Хаана, аль салбарт улстөрийн популизм хүч давамгайлж, улстөрийн нам, бүлэглэлүүдийн ашиг сонирхол давамгайлна тэр салбарууд нэг, хоёр жилийн дараа бодит хөрсөн дээрээ унаж, дампуурахын өмнө ирдгийг өнөөдөр иргэд худалдан авах чадваргүй болчихсон хоосон барилгуудаас хамгийн тодорхой харж болно.

Орон сууцны моргейж, найман хувийн ззэл гэж хэдхэн сарын өмнө хэрхэн түрхрэлцснийг бид бүхэн мэднэ. Гэтэл өнөөдөр хөөрсөрсөн, хэтэрхий хуурамч өсөлттэй барилгын салбар онхолдон унахдаа банк сахүүгийн салбарыг бүхэлд нь хөлдөө чирч, Монгол Улс бүхэлдээ төлбөрийн чадваргүй болоход ойртов.

Улсын өрийн хэмжээ 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувьд хүрсэн нь 2010 онд дампуурлаа зарласан Грекийн ДНБ-ний тэр үеийн харьцуулсан хэмжээнээс 65-хан функциэр бага үзүүлэлт. Гэтэл Европыг холбоондоо амьдралын түвшин дээгүүр, ард иргэд нь дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдээр байнга шахуу тодордог байсан Грекийн газарзүйн байрлал, дэлхийн банк санхүүгийн зах зээл дээрээс босгож чадах хөрөнгө санхүүгийн чадварыг өнөөдөр ч манайхтай харьцуулах боломжгүй юм. Гэхдээ бидэнд Грекийн хар бараан туршлагаас суралцах, шууд авч хэрэглэж болох жишээ олон бий.

Жишээ нь Грекийн парламент 2013 оны 12 дугаар сард 15 мянган төрийн ажилтныг халах хууль гаргасан байдаг. Ингэснээр тус улс евро бүсийн орнуудаас нэмэлтээр авах хоёр тэрбум еврогийн тусламжийг авах боломжтой болсон. Грекчүүд бараг ажил хийдэггүй хэр нь асар их цалин авдаг, цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ямар ч замбараагүй байсныг тус улсын Ерөнхий сайд Жеорждс Самара ийнхүү дээрх хуулиар цэгцэлсэн гэдэг.    

Хэдийгээр ажилгүйдлийг дагаад хүн амын худалдан авах чадвар нь муудаж, ДНБ-ний өсөлт нь саарсан ч эцсийн дүндээ бүсэа чангалсан Грекййн эдийн засагт 2014 оны хоёрдугаар хагасаас сэргэлт ажиглагдаж, их хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн Ерөнхий сайд нь "баатар" болоод буй.

Хоёрхон жил гаруй ажиллахдаа өмнөх 20 жилд байгаагүй их өр зээл тавьж дөнгөсөн Шинэчлэлийн Засгийн газрын ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, бодлого боловсруулалцаж л явсан өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Улсаараа бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжихгүй бол бид удахгүй дампуурахаас өөр аргагүй" гэдгийг хожуухан ч гэсэн ухаарч ойлгон, ард иргэддээ сэрэмжлүүлэг болгосон нь сайшаагаад байх зүйлгүй ч энэ цагт өөр ямар ч аргагүй гачлан мөн.

Хамгийн эхэнд төрийн данхайсан бүтцийг задлан, төрийн албан хаагч нэртэнгүүдийг 30-40 хувь цомхотгох шаардлагатай. Дараа нь бүх аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбоно гэсэн цаг нь болоогүй, дэндүү баярхсан төслүүдийг даруйхан зогсоох ёстой.

Монгол Улс шиг дэлхийн зах зээл дээрээс бадар барин гуйн олж ирсэн бондын мөнгөөр зам барьж, барилга барьдаг орон өөр байхгүй л болов уу. Нөгөөтэйгүүр Оюутолгой, Тавантолгой, удахгүй эдийн засгийн эргэлтэд оруулахаар яригдаж байгаа Гацуурт зэрэг ордод төрийн оролцоо, хувь эзэмшлийг тэглэх хэрэгтэй санагдана.

Монголын төр хоёрын хооронд 20-30 хувийк эзэмших гэснээс л бүх зүйл удааширч, өрөнд орж, Монгол Улс алдагдал хүлээсээр байгааг зоригтой өөрчлөн шийдэх цаг болж. Нэгэнт л газрын хэвлийн баялаг 100 хувь Монголчуудын өмч, төриин мэдлиинх учир рояльти татвараа дээд зэргээр цуглуулан авч эхнээс нь гадаадын хөрөнгө оруулагч, хамтрагчиддаа маш тодорхой нөхцлүүд тавих ёстой.

Жишээ нь Оюутолгойн хажууд Эрдэнэт шиг биш юм гэхэд Хөтөл, Бор-Өндөр шиг дагуул хотхон байгуулах тохиролцоог хөрөнгө оруулагчдаар гаргуулан авсны дараа уурхайн ашиглалтыг эхлүүлэх ёстой байсан. Нөгөө нэг хамгийн гол анхаарах зүйл бол үндэсний хувийн хэвшил, бизнесийн салбараа байнгын бат тогтвортой, 15-20 жил орчин нөхцөл нь өөрчлөгддөггүй хууль эрх зүйн тааламжтай орчноор дэмжиж, тэдний хэрэгт хажуунаас нь хошуу дүрэхээ бүрмөсөн болих шаардлагатай болж.

Эцэст нь хожуухан ч гэсэн өнөөдрийнхөө бодит байдлыг ухаарсан Ерөнхий сайдын "Бид хүнд хэцүү ч гэсэн орлогоо үнэнээр нь төлөвлөж, зарлагаа зохистой танаж чадвал төсвөө эрүүлжүүлнэ. Төсвийн бодлоготойгоо уялдуулж, мөнгөний бодлогодоо зөв тохиргоо хийж чадвал мөнгөний бодлого эрүүлжинэ. Эдгээр дээр нэмээд хөрөнгө оруулалтын орчноо эрүүлжүүлбэл төлбөрийн тэнцлээ эрүүлжүүлнэ. Эцэст нь энэ бүгд нийлээд эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого болох учиртай" гэсэн өөдрөг төсөөллийг улстөрийн нам хүчнүүдийн ашиг сонирхлын араа шүдэнд эргүүлчихэлгүй, хамтарч хэлэлцээд буруугаа ялж, булхайгаа илчлээд явбал бас ч гэж бүх зүйл ягтаа тулчихаагүй байгаа гэж итгэнэм.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: