sonin.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга О.Лхагвадоржтой ажлын явцын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. ХУД-ын Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдан үйл ажиллагаа эхлээд удаагүй байна.  Бүрэлдэхүүн, чиг үүргийн талаар ярилцлагаа эхлүүлбэл?

Засгийн газрын тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамж, дүүргийн Засаг даргын захирамжаар Худалдан авах ажиллагааны алба нь 2013 оны 10 сард байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Худалдан авах ажиллагааг хариуцсан  мэргэжлийн алба байгуулагдсанаар маш олон давуу талууд бий болж байна.

Урд нь бол тендер гэдэг ойлголт танил тал, эрх мэдлийн хүрээнд явагддаг гэж хүмүүс их буруу ойлгодог байсан бол мэргэжлийн алба байгуулагдсанаар ташаа ойлголтыг өөрчлөхийн төлөө өнөөдрийг хүртэл маш их хүчин чармайлалт гарган ажиллаж байна. Энэ нь нийгэмд хүрч өөрчлөлт гарч байна гэж харж байгаа.

-Тендер шалгаруулах ажлыг танай алба шууд гардан зохион байгуулдаг уу? ХААА газар байгуулагдахаас өмнө хэрхэн явагддаг байсан бэ?

-Манай дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны хувьд аль болох мэдээллийг ил тод, нээлттэй, тендерийг шударга явуулахын төлөө ямар нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан, дарга нараас хараатаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Ер нь энэ зарчим нийт төрийн албанд ч гэсэн байх ёстой байх. Тийм ч үүднээсээ бид ил тод байдал дээр нилээд сайн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд манай алба дөрөв орчим тэрбум төгрөгийн 100-аад ажил зохион байгуулсан. Энэ жил 10 орчим тэрбум төгрөгийн төсвөөр мөн 100-аад ажлыг зохион байгуулаад байна.

Энд ажилд юу орох вэ гэхээр дүүргийн төсвийн хөрөнгө, дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгө, нийслэлийн төсвийн хөрөнгө, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, нийслэлийн авто замын сангийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө бусад хэлтэс албадуудын захиалгатай бараа, ажил үйлчилгээг тендер зарлаж зохион байгуулсан ажлууд байгаа юм.

-Тендерийг ил тод нээлттэй явуулж байна гэлээ. Тендерийн зар мэдээллийг хаана зарлаж иргэд тендерт хэрхэн оролцож байна вэ?

-Худалдан авах ажиллагааны алба байгуулагдсанаар тендерийг мэргэжлийн түвшинд олон компаний төлөөллийг оролцуулахыг зорин ажиллаж байгаа. Ил тод байх үүднээс худалдан авах ажиллагааны албан ёсны сайт болох www.procurement.gov.mn, www.khanuul.mn болон өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа.

Мөн тухайн ажил хэдэн төгрөгний төсөвтэй ямар ажил хийгдэх гэж байгаа нь тодорхойгүй хяналтын төсөв гэдэг зүйл далд байсан бол бид үүнийг ил тод байдлаар энэ жилд ийм төсөвтэй, ийм ийм ажил хийнэ гэдгийг нээлттэйгээр оны эхэнд зарлаж байгаа. Ажил бол төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм.

-Дүүргийн ХААА 2014 онд ямар шинэ, шинэлэг ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

-Манай алба 2014 онд хэд хэдэн шинэлэг ажлуудыг дүүрэгт болон нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Үүнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг өнгөрсөн жил манай Хан-Уул дүүрэг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан.

Энэ бааз суурь дээрээ үндэслээд энэ жил бүх дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадууд, бүх дүүргүүдийн иргэдийн бүлгүүдийг цуглуулж оны эхэнд сургалт зохион байгууллаа. Энэ сургалтын үр дүн нь яаж илэрч байна вэ гэхээр бүх дүүргүүд энэ жил олон нийтийн оролцоотой буюу тухайн хорооны иргэдээс саналыг нь асуугаад танай хороонд ямар ажил хийх шаардлагатай байна вэ гэдэг саналыг нь аваад түүнийхээ дагуу дүүргээс төсөв мөнгө, зураг төслийг нь баталж өгөөд түүнийхээ дагуу иргэд нь өөрсдөө энэ ажлаа хийхээр болсон.

Энэ ажлыг манайх амжилттай зохион байгуулаад явж байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт тав, зургаан иргэдийн бүлэг ажлаа хүлээлгэж өгөөд хангалттай сайн гэсэн үнэлгээг авсан. Иргэд өөрсдөө энэ ажлыг гүйцэтгэснээр иргэд тухайн хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд сэтгэл гаргаж гар бие оролцох, нөгөө талаас иргэд тухайн хороонд ажилгүй, орлогогүй байгаа иргэд өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэрийг бий болгож боломж бүрдэж байгаа юм. 

Мөн нэг томоохон ажил бол Засгийн газрын худалдан авах ажиллагааны албанаас ерөнхийдөө шаардаж байгаа цахим тендерийн ажлыг амжилттай зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар бид нээлттэй тендерийнхээ 40 орчим хувийг цахимаар зарласан байна.

-Өмнө нь тендерийг хэрхэн зарладаг байсан бэ? Тендер зарлахад ойролцоогоор хэдэн байгууллага тендерт өрсөлддөг вэ?

-Харьцуулалтын аргаар 2-3 компаниас үнийн санал аваад явдаг байсан бид үүнийг нээлттэй зарласнаар өнөөдөр олон компани тендерт оролцож чадаж байна. Зарлаж байгаа тендерүүдэд манайх энэ жил хамгийн багадаа гурваас дөрвөн компани, хамгийн  их гэвэл 12-13 компани нэг тендерт оролцож байна. Энэ нь бид мэдээллээ нээлттэй ил тод явуулж  байгаагийн илрэл юм.

Өмнө нь уламжлалт арга буюу цаасан хэлбэрээр тендерийн материалыг бэлдэж ирүүлдэг байсан бол Засгийн газраас 2016 он гэхэд нийт тендерийг цахимаар зарладаг болгохоор зорилго тавьчихаад ажиллаж байна. Үүний хүрээнд бид өнөөдөр 40 орчим хувийг цахимаар зарласан. Цахимаар зарлахад бүх мэдээллээ файлаар ирүүлнэ гэсэн үг.

Ингэснээр тухайн компаний хувьд бичиг цаасны зардал багасна гэж үзэж байгаа. Мөн тендерийн материал солигддог, холигддог янз янзын хардлага сэрдлэгэ арилах, оролцогч компаниудад хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр боловсон хэлбэрээр зохион байгуулж байгаа бас нэгэн арга нь юм л даа.

Манайх 2014 оноос эхлээд тендерийн материалыг хүлээж аваад бүх компаниудыг байлгаж Цагдаагийн газартай хамтран бүртгэлтэй албан ёсны лацаар лацаддаг болсон. Энэ нь маш их давуу талыг бий болгож байгаа юм. Компанийн тендерийн төсөл солигдох, алдагдах вий гэсэн хардлагыг арилгаж чадаж байна.

Нөгөөтэйгүүр бичиг цаасны ажлыг хөнгөвчлөхөөр тендерийн материалыг компаниудад CD дээр буулгаж өгч байгаа. Ингэснээр тухайн компанийн хувьд ч тэр, манай байгууллагын хувьд ч тэр бичиг цаасны зардлыг тодорхой хэмжээнд бууруулж чадаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.