sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины зүүн нутаг дахь хямралыг намжаахын тулд тусгаар тогтнолыг хүсэж буй босогчидтой Засгийн газар шууд хэлэлцээ хийхгүй гэж Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгджээ.

"Бид босогчидтой шууд хэлэлцээ хийхгүй. Хэрвээ энх тайвныг хүсэж байвал Минскийн протоколыг дагаж мөрд" гэж Яценюк танхимын уулзалтын үеэр мэдэгдэв.

Долоон сар үргэлжилсэн мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийн тулд Украин, Орос, АНУ, ЕХ-ны оролцоотойгоор Женев хэлбэрийн хямралын хэлэлцээ хийх санал Яценюк гаргасан байна.

Украины зүүн нутаг дахь босогчид Засгийн газартай шууд хэлэлцээр хийхийг удаан хугацаанд хүссэн бөгөөд Украины тэргүүлэгч нарын оролцоогүйгээр хэлэлцээ хийх нь “үр дүнгүй” гэжээ.

Украины зүүн нутаг дахь хямралыг зогсоох Минск хэлбэрийн хэлэлцээрийг оролцогч бүх тал үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт мэдэгдсэн.

Есдүгээр сарын 5-нд Беларусийн нийслэл Минск хотод Украины Засгийн газар болон Донецк, Луганскийн босогчдын хооронд гал зогсоох гэрээ байгуулсан ба үүнд ОХУ-ын болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Гэсэн хэдий ч, хоёр мужийн “тусгай статус”-ын хуулийг хүчингүй болгосны дараа босогчид Минскийн протоколыг дагахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: