sonin.mn

ПХЕНЬЯН. /ITAR-TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх улсын онцгой комиссыг БНАСАУ-д байгуулжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд дурдсаныг тус улсын хэвлэлүүд нийтэлжээ.

Комиссын бүрэлдэхүүнд Умард Солонгосын Нийгмийн эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Хөдөлмөрийн болон Төмөр замын яамны төлөөлөгчид орсон байна. Мэдээлэлд тэмдэглэснээр, эмнэлгийн онцгой төвүүд тус улсын бүх муж, хошуунд нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Түүнчлэн Пхеньян хотын олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлууд болон далайн боомтуудад эмнэлгийн хяналтыг чангатгасан байна. Үүнтэй адил арга хэмжээг Хятадын Ляонин мужтай гүүрээр холбогддог хил орчмын Синыйжу хотод авчээ.

“Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний шинж тэмдгийг оршин суугчдад таниулах зорилгоор Умард Солонгосын бүх бүс нутагт урьдчилан сэргийлэх кампанит ажил явуулж эхэлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ийм арга хэмжээ авчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: