sonin.mn

Хөдөө айлаар орж, цагаан идээ амсах "үндсэн зорилго"-той ирсэн гэх   Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэнийхээ маргаашнаас л УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралд оролцсоноор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
МАХН-ын бага чуулганыг зохион байгуулж, улмаар өнгөрсөн Бямба гарагт Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулж, улс төрийн орчинд ихээхэн шуугиан тариад байгаа.


Уг гэрээний үндсэн зорилго нь хөрөнгө мөнгө, гишүүдийн дэмжлэгээс салгах зэрэг олон аргаар МАН-ыг улс төрийн тавцангаас арчин хаях явдал гэдгийг ажиглагчид дүгнэж буй.
Мөн МАХН-ынхаа дотоод асуудлыг ч энэ хугацаанд шийдсэн байна.
Тодруулбал МАХН-ын дэд дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг хатуухан зэмлэж, "муу ажилласан"  гэж дүгнэжээ.


Үүний дараа Д.Тэрбишдагва шадар сайдаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн ч цаадах нь гэрээ байгуултал түр хүлээж бай гэсэн хариу өгчээ.
Үндсэндээ МАХН-ын шинэ удирдлага буюу Н.Энхбаярын баруун гараар ажиллах дараагийн баг тодорхой болсон бөгөөд Ц.Шаравдорж, У.Барсболд нар МАХН-ын дэд дарга, ЕНБдаргаар ажиллахаар болж буй юм байна.


Ингэхдээ Ц.Шаравдорж сайд болж, намын санхүүгийн асуудлыг хариуцах бололтой.
Үүнээс үүдэн МАХН-ын даргаас зэмлэл хүртсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч намынхаа үйл ажиллагаанд оролцохоо больжээ.
МАХН-ын бага чуулганг дундаас нь хаяж явсан тэд МАХН, АН-ын хамтын ажиллагааны  гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоогүй байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар АН-д элсэхээр тус намын зарим лидерүүдтэй ярилцаж буй сурагтай.

Л.Ганзориг