sonin.mn

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Хонкогт болж буй эсэргүүцлийн ажиллагаа АНУ-д огт хамаагүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И лхагва гарагт мэдэгджээ.

“Хятадын Засгийн газар байр сууриа хатуу бөгөөд тодорхой илэрхийлсэн. Хонконгийн хэрэг бол Хятадын дотоод асуудал” гэж Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахынхаа өмнө мэдэгдсэн байна. Олон өдөр үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагааг тэрбээр “хууль бус” гэж нэрлэжээ.

АНУ “Хонконгийн ард түмний хууль ёсны шаардлагыг дэмжиж буйг" Цагаан ордны төлөөлөгч Жон Эрнест урьд нь мэдэгдэхдээ эрх баригчдад нь хүлээцтэй байхыг, харин жагсагчдад эсэргүүцлийн ажиллагаагаа тайван замаар явуулахыг уриалсан байна. Тэрбээр мөн засаг захиргааны тэргүүний сонгуулийн талаарх жагсагчдын шаардлагыг АНУ дэмжиж байгааг мэдэгджээ. Цагаан ордны эрх баригчдын үзэж буйгаар, энэ нь Хонконгийн засаг захиргааны тэргүүний “хууль ёсны эрх мэдлийг дээшлүүлж болох юм”.

Жагсагчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хотын бизнес төвийг хааж, “Төвийг эзэл” эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлсэн билээ. Тэд засгийн газрын цогцолборт дайран орохыг оролдсон байна. Энэ үеэр хэдэн арван хүн баривчлагдаж, хэд хэдэн хүн хөнгөн бэртэл авчээ. Эрх баригчид идэвхтнүүдийг хэв журам зөрчсөн гэж буруутгасан бол хүчнийхэн хэт их хүч хэрэглэсэн гэж жагсагчид үзэж байгаа аж.

Их Британийн колони байсан Хонконг 1997 онд Хятадын бүрэлдэхүүнд эргэн орсон бөгөөд тус улсын засаг захиргааны онцгой бүс нутаг болсон юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг