sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. Сирид “Лалын улс” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан Америкийн иргэдийг суллах Пентагоны ажиллагаа амжилтгүй болжээ. Энэ тухай АНУ-ын цэргийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Жон Кирби лхагва гарагт мэдээлсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчдын тодорхой сүлжээ рүү чиглэсэн ажиллагааг агаараар болон хуурай газраар явуулсан боловч харамсалтай нь амжилттай болсонгүй. Учир нь барьцааны хүмүүс таамаглаж байсан газарт байсангүй” гэж Кирби мэдэгдсэн байна. Гэхдээ “Иргэдээ эх оронд нь буцаан авчрахын тулд АНУ бүх боломжоо ашиглах болно” гэж тэрбээр хэлжээ.

“Лалын улс” террорист бүлэглэл Америкийн сэтгүүлч Жим Фоулиг цаазалж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байрлуулсны маргааш тусгай ажиллагаа бүтэлгүйтсэн тухай мэдээлсэн байна. Сэтгүүлчийн амь насыг хөнөөснийг АНУ-ын Ерөнхийлөгч эрс буруушаагаад, дэлхий даяар америкчуудыг хамгаалахаа амлаж, хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Лалын шашинтнуудад олзлогдсон бас нэгэн сэтгүүлч байгаа нь Стивен Сотлофф юм. Тэрбээр 2013 онд Ливид хулгайлагджээ. Хэрэв АНУ Иракаас цэргээ гаргахгүй бол түүнийг хорооно гэж босогчид сүрдүүлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг