sonin.mn

Үнэтэй үгийн хойноос үхтэл тэмүүлэх мэргэжил минь Д.Равжаа судлапын Олон улсын төвийн тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Одончимэдтэй уулзуулав. Олон хүн түүний хөтөлдөг "Сонгомол номын сан" нэвтрүүлгийг үзэх дуртай. Хөл алдам далай мэт амьдралд залуур болсон оюуныг эрхэмлэгч хэн бүхэн түүний ярианаас ямар нэг санаа сэдэл олж авах буй заа.

-Таныг улс төрч, зохиолч хүн гэдгээр нь мэднэ. Өнөөдөр тантай хил хязгаар, ном соёлын талаар ярилцахаар ирлээ.

-Улсын баяр наадмын хурдан морины тоос арилаагүй шахам байхад уулзаж байгаад баяртай байна. Наадмаар хилчид, эмч нар, цагдаагийнхан л наадам үзэж чаддаггүй шүү дээ. Тийм учраас салхи шуургатай ч бай, найр наадамтай ч бай эх орныхоо торгон хил хязгаарыг сахин хамгаалж байдаг хилчиддээ баяр наадмын мэнд хүргэж энэ хэцүү бөгөөд хариуцлагатай, нэр төртэй ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Таныг хилийн аймгийн дарга байхдаа хилчдийг мотоцикльтой болгосон гэж сонссон. Тэр үеийн нөхцөл байдал ямар байв?

-Би 1992 онд нутагтаа аймгийн даргаар очсон юм. Тэр үед хилийн аймгийн дарга нар чинь хилийн болон батлан хамгаалахын шугамаар нууцлалын зэрэгтэй нэмэгдэл үүрэг хүлээдэг байлаа шүү дээ. Нууцын лацтай дэвтэр одоо ч надад байдаг юм. Монголын урд хилийг үеийн үед манаж ирсэн Замын-Үүдийн боомт манай Дорноговь аймагт бий. Говьд төрж өссөн болохоор хил, хилчдийн талаар хар багаасаа мэднэ. Тэр үед намайг аймгийн даргаар очиход хилчдийн ар тал хангалттай холбоотой асар том асуудлууд үүсээд байсан юм. Цэргүүд өлслөө, унаа олдохгүй байна, тэдэнд юм заах гэхэд бичиг үсэг мэдэхгүй байна гэнэ. Судалж үзэхэд сургууль завсардсанаас болоод 100 цэргийн 30 нь бичиг үсэггүй байсан. Тэгээд би Хилийн цэрэгтэйгээ их ойр дотно ажиллаж, хилчдэд туслах бодлого баримталсан. Улаан-Уулын отрядод Х.Ранжинням гэж их сайхан дарга байлаа. Бид сайн хамтарч ажилласан. Замын-Үүдийн отрядтой бас их ойр ажилладаг байсан.

Ангийн захирагчаар нь одоогийн Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа, Д.Батцэнгэл ажиллаж байсан юм. Мөн Сулинхээрийн отряд байна. Тэнд хилийн том үйл ажиллагаа явуулдаг, төрийн томчуудыг очиход заавал тэр отрядын ажил байдлыг үзүүлж танилцуулдаг байлаа. Харин аймгийн зүгээс хилчид, ард түмний холбоог ойртуулахын тулд айлуудыг хил рүү ойртуулан буулгаж, хил хамгаалах үйл ажиллагаанд нь туслалцуулдаг болсон. Заставууд ихэвчлэн ГАЗ-66, 57-той. Тэр нь эвдэрсэн, бензин байхгүй. Хичнээн ч cap жил болсон юм, огт хөдлөхөө больчихсон. Нэгдэл тараад морь, тэмээний хангамж зогссон. Унаажуулах хамгийн амархан арга нь мотоцикль байсан л даа. Ингээд бид заставуудад мотоцикль авч өгсөн юм. Хилийн ойролцоо байдаг гайгүй мал сүрэгтэй айлуудыг аймгийн Засаг даргын хувьд, нөгөө талаас орон нутгийн хүний хүний хувьд хэлж, гуйж янз янзаар л үзсэн дээ.

Замын-Үүд рүү хил худалдаа хийхэд нь зориулж Улаан-Уулын отрядод төмрийн лиценз хүртэл олгож, Сайншандын орос цэргийн ангийн хаягдсан байшинг үнэгүй өгч байлаа. З.Доржийн "Хэл, хил, мал гуравтайгаа байхад..." гээд нэг сайхан шүлэг бий дээ. Үнэхээр хилчид бол үеийн үед гавъяа байгуулсан. Хариуцлагагүй зарим хүмүүсээс болж янз бүрийн хэл ам гарч байсан л даа. Гэхдээ энэ бол түгээмэл биш. Монгол Улсын хил дархан хэвээрээ л байгаа. Миний хувьд олон боомт шинээр нээснийгл нэг их ойшоодоггүй юм. Энэ бол сайн зүйл биш. Би үргэлж түүний эсрэг байсан.

Миний дараагийн аймгийн дарга нар Дорноговьд боомт нэмсэн. Манай аймгийн хувьд Замын-Үүд байхад л хангалттай. Хаа байсан Архангай, Өвөрхангай, Дундговиос Замын-Үүдээр гарч л байна шүү дээ. Ер нь хил, хилчдийн тухай асуудал миний зүрх сэтгэлд их ойрхон байдаг юм. Хилчдийн хувьд ихээхэн дутагдаж гачигдаж байдаг нэг зүйл бол соёл, гэгээрлийн ажил. Хилчид маш олон сувгаар телевиз үзэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ яг амьд уулзалтууд хэр их болдог юм гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ олон дуучид хил дээр очиж дуулж байна уу, зохиолчид хилчидтэй уулзаж байна уу, Улаанбаатарт явагддаг соёл гэгээрлийн лекц ярианууд тэнд явагдаж байна уу гэвэл хараахан тийм биш. Нэг жил гэлээ ч хил дээр алба хаасан хүн асар их зүйлийг сурч мэдэх бололцоотой.

Заставууд тодорхой хэмжээний номын сантай байдаг гэж би ойлгодог. Түүнийгээ үргэлж шинэчилж байх хэрэгтэй. Одоогийн залууст хүмүүжил, сахилгын талаар заах юм их бий. Тэд хууль, дүрэм, журам үзээд завгүй л байгаа шүү дээ. Гэхдээ нэг удаа харуулд гарч ирээд амрах хугацаад нь тархийг нь маш сайн цэнэглэж өгөх хэрэгтэй. Үүний тулд ном уншуул. Хилийн цэрэг тендер зарлаад хамгийн сайн номуудыг жил бүр заставууддаа хүргэж байгаасай, Отрядууд өөрсдөө ч зарласан болно шүү дээ. Өнөөдөр санхүүгийн хувьд харьцангуй бололцоотой болчихлоо. Хилчдэд орлого олох ч боломж бий. Адуутай отрядууд гүү барьж, айраг цагаа хийж болно. Аймаг орон нутаг, малчдад тусалж тодорхой хэмжээний мөнгөтэй ажил хийж болно шүү дээ.

Тэгээд олсон мөнгөө соёл гэгээрлийн ажилдаа зарцуулбал их хэрэгтэй. Хилчидтэй холбоотой хичнээн ч дуу байдаг юм, тэр дууны CD-нүүд хил дээр байна уу, үгүй юу? Сайхан дуу, клипнүүд гараад л байна. Түүнийг гаргаж, тоглуулдаг зүйлийнх нь хангамж хэр байдаг юм гэдгийг би үнэндээ хэлж мэдэхгүй байна. "Ямаха" хөгжмийн үе өнгөрсөн шүү дээ. Түүний дараагийн үеийн техник хангалт нь хийгдэж байна уу, үгүй юу гэдэгт их анхаарах хэрэгтэй. Хилчдээ юугаар ч дутаадаггүй сэргэлэн дарга нар байдаг юм аа.

Ялангуяа застав дээр их сэргэлэн, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, жилийн хугацаанд хүнийг өөрчилчихөөр дарга нарыг зориудаар, бүр тусгай цалин өгөөд ажиллуулаасай гэж би боддог юм. Тэртээ тэргүй энх тайван цаг юм чинь хэн ч байсан яахав дээ гэсэн сэтгэлгээгээр биш, тэр нэг жилийн хугацаанд хүнийг хүн болгож, хүмүүжүүлж ухааруулж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй. Хил дээр асар өргөн бололцоо бий. Аливааг хүлээж авах өндөр чадалтай оргил залуу үедээ хүн цэрэгт очдог. Дээхэнэ үед гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн хүдэр чийрэг, хүрэн бор залуусын булчин шөрмөс нь зангираад огт өөр харагддаг байлаа. Харин одоогийн нэг жилийн цэргүүд бараг зүг чигээ ч мэдэхгүй сургуультай тэмээ, морь хоёрынхоо эрхээр явж байгаад ирдэг гэж хүмүүс шоолж л байдаг юм.

Тэр нь ч юу юм, би тэгж бодохгүй байна. Хамгийн гол нь хилээ манахаас гадна хилчдийн тархи толгойд л юм хийж өгөх хэрэгтэй. Ном цуглуулж хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих ангид аваачиж өгдөг "Номтой нөхөрлөе" гэдэг клуб бий. ХХЕГ-аас тэдэнтэй хэлэлцээр хийж, унаа тэргийг нь гаргаж өгөөд олон ном цуглуулж, хуваарилж, төрөлжүүлээд явуулбал бас болох л ажил. Ер нь цэргийн байранд байгаа 20-30 хүнийг зохион байгуулалттайгаар ажиллуулж, тэднийг хөдөлгөж, хүчийг нь сайн ашиглаасай л гэж би боддог. Юуг л бол юуг хийх хүч байна шүү дээ, тэнд чинь. Талаар нэг тарсан малчид биш, сумын төвийн хэдэн айл биш. Зохион
байгуулалттайгаар ямар ч юмыг хийж болохуйц энэ боломж, нөхцлийг битгий алдаасай.

-Хилчид 1990 оноос өмнө дайн бүхий цагийн байдалтай, түүнээс хойш ахуй нөхцөл болон цалин хангамжийн хувьд хүнд байсан. Харин өнөөдөр нэг үеэ бодвол дээрх хүндрэлүүд харьцангуй багасч, хүний хөгжлийн талаар ярих эрхтэй болжээ, Тантай уулзаж байгаа гол шалтгаан ч хүний хөгжлийн чиг, хандлагатай холбоотой юм.

-Отрядууд өөрсдөө санаачилга гаргаж Улаанбаатар хотын хэмжээнд оюуны хөрөнгө оруулалт хийдэг ямар ч газартай холбоо тогтоогоод ажиллах бололцоо бий. Утас, холбоо, интернэт, факс бүгд байна. Хэн нэг эрдэмтэн зохиолч нэг удаа уулзалт хийгээд өнгөрөх биш хилчид өөрсдөө төсөл, хөтөлбөр боловсруулж, шалгаруулж, ялсан төслийг загвар болгож ажиллах хэрэгтэй. Жишээ нь "Харагчингийн заставын туршлага ийм байна, ингэж ажилла" гээд заагаад өгчих хэрэгтэй. 1997 оны зуднаар Ховдын хилчид гал алдчихсан, бид онгоцоор түлээ буулгаж өгч л байсан. ХХЕГ нь их сайхан тохижсон юм билээ. Хил дээр яг түүн шиг сайхан байж чаддаг болов уу гэж бодогдсон.

Нямдорж сайд, Базарсад генерал, Гаваа генерал бид хэд нийлж ихээхэн хүч тавьж байж хилийн харуулын кабон барих ажлыг эхлүүлсэн шүү дээ. Эхний хоёр харуулын байрыг Замын-Үүдэд бариулсан юм. Тэгэхэд учиргүй их хөрөнгө оруулсан юм шиг л бодож байлаа. Дараа нь бодоход нэг харуулан кабон гэдэг чинь хэдхэн сая төгрөгт босдог зүйл юм билээ. Өнөөдөр хилчдийн унаа, техник хэрэгсэл ямар байгааг би мэдэхгүй юм. Харин урлаг соёлын тухайд гэвэл "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" гэдэг дууг бид насаараа л дуулсан. П.Бадарч гуай Хилийн цэрэгт маш олон дуу зохиож өгсөн гавъяатай хүн. Түүн шиг орчин үеийн сайхан дуу хийх хэрэгтэй.

Хуучны юм үеэ өнгөрөөлөө шүү дээ. Дуу гэдэг бол асар том хүч, асар том энерги. Дуу, шүлгийн уралдаан зохиох хэрэгтэй. Хилийн цэргийн 80 жилийн ойд зориулсан "Босго, тотго" кино бол өнгөрсөн түүхээ эргэн сануулах гэж хичээсэн том ажил болсон. Түүхээ мартсан учраас л Хилийн цэргийг татан буулгасан байдаг. Ийм том хоёр хөрштэй, ийм том хилтэй улс чинь Хилийн цэргээ татан буулгана гэж юу гэсэн үг вэ? Амьдрал ч баян юм даа. Хилийн цэрэгт алба хаасан залуусыг Ардын армид алба хаагаад ирсэн залуучуудтай өрсөлдүүлж уралдаан тэмцээн зохиогоод тэдний хооронд ямар ялгаа гарах нь вэ гэдгийг л би харахсан гэж их сонирхдог юм.

Хэн нь илүү юм сурч вэ гэдгээр нь энэ хоёр байгууллагын ажлыг дүгнэж болно. Маш амархан. Онолын болон бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хэн нь хэрхэн хангаж вэ гэдгийг тохиолдлын сонголтоор сонгогдсон залуус бэлхэн харуулна. Аль нь хүнийг хүн болгож вэ гэдэг нь эндээс шууд харагдана. Түүнээс биш би сайн, би сайн гээд хашгираад байх нь гол биш. Хүнд юу өгч байна гэдэг нь л чухал. Жишээ нь ХЦДБЧ-ын хийх ажил энд байхгүй гэж боддог. Хил хаана, чуулга тэнд л байх ёстой. Бас нэг чухал зүйл бий. Энэ бол хилчдийн ар гэр. Тэдний дунд янз бүрийн мэргэжилтэй, санаачилгатай, авъяастай хүмүүс олон байгаа.

Тэднийг олж хөдөлгөж, чадварыг нь ашиглаж, сургаж, тэр хүмүүст анхаарал тавьж, урамшуулж байх хэрэгтэй. Тэр хүмүүс уйдаад гэртээ сууж байж таарахгүй. Тэд бол асар том хүч. Мартаж ерөөсөө болохгүй. Төсөл, хөтөлбөр санаачил. Номын санг бол хэн нэг нь санаачилгаараа ажиллуулж болно шүү дээ. Улаанбаатарын номын сан яаж хүнд үйлчилж, номыг хайрлан хадгалж, гамтай эдэлдгийг мэдэж авахын тулд ирээд долоо хоног дадлага хийхгүй юу. Мэргэжлийн хүмүүс олшроод ирэхээр номын сангууд ч өөр болно. Нэг жилийн хугацаанд шилдэг номын сантай застав, хилчдийн дунд шилдэг уншигч шалгаруулах аян зарла. Шал өөр болоод л явчихна даа.

-Хүн ер нь хил дээр байх хугацаандаа хэрхэн оюунаа хөгжүүлэх вэ?

-Хоёр л арга байна. Нэг нь застав өөрөө /би застав л гэж яриад байна шүү дээ/ санаачилга гарга. Мэдээж заставын хилчдийн нэгдүгээр үүрэг нь хил хамгаалах. Хоёрдугаарт чиглэл зорилготойгоор залуучуудын оюун санаанд өөрчлөлт хийх. Хувь хүн өөрөө хичээх ёстой. Зүгээр л өгснийг идэж, өмсөөд сууж байх биш унших номоо хүртэл өөрөө аваад явдаг байх хэрэгтэй. Интернэтээс мэдээлэл ав, нэг жил англи хэл суръя гэсэн зорилго тавь. Өөрсдөө чиглэл, зорилготой очих хэрэгтэй.

Захиргаа нь зорилготой, хувь хүн зорилготой байгаад энэ хоёр зорилго аяга, ам шиг нийлж байвал нэг жилд хүн яаж ч өөрчлөгдөж болно. Болохгүй болчихсон хүмүүс хил дээр очдог гэж бодож би үүнийг хэлж байгаа юм биш. Тэнд чинь нэг залуу хүн л очиж байгаа шүү дээ. Залуу гэдэг чинь залуулна гэсэн үгнээс гаралтай юм. Тэр хүнийг залах л шаардлагатай. Хилийн цэрэгт очоод амьдралынхаа чиг хандлагыг олчихоод ирэхэд л хангалттай. Миний хийх ажил энэ л юм байна гэдгийг бодож тунгаана гэдэг их чухал. Магадгүй насаараа Хил хамгаалах албанд зүтгэе гэсэн бодолтой ирж болно. Тэгвэл түүнд тусал. Сургуульд явуул. Бэлтгэлийг нь хийлгэ.

-Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Боловсролоос өмнө ёс суртахууны тухай асуудал яригдах ёстой. Ямар ч сургууль боловсрол олгож, мэргэжил эзэмшүүлэхээсээ өмнө хүн болгох хэрэгтэй юм. Хүн болохын тулд нэгдүгээрт ёс зүйтэй байх ёстой. Ёс зүйтэй байхын тулд ном унших ёстой. Байгаль, нийгэм, гэр бүлтэй харьцах ухаан дээр л амьдрал тогтдог. Боловсрол гэдэг маань энэ юм. Тодорхой хэмжээнд ёс зүйтэй, энэ гурван боловсролын суурийг эзэмшсэн хүнийг л өнөөдөр боловсролтой хүн гэж хэлнэ. Харин үүний дараа мэргэжил эзэмших тухай ярьж болно. Хэрэв энэ гурван суурь байхгүй, дээр нь ёс зүйгүй хүнд ямар ч мэргэжил эзэмшүүлсэн нийгэмд юм хийж бүтээхгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн бүрэн төгс гишүүн болж чадахгүй. Одоо энэ төрийн түшээдийг хар даа. Эдэнд ёс зүй дутаж байна. Аюул үүнд байгаа юм. Хилчид үүнд их сайн анхаарч байх хэрэгтэй.

Нэг жилийн хугацаанд ихэнхдээ чөлөө авч нааш цааш гүйж байгаад аргалаад өнгөрөөх бодолтой хүмүүс их олон бий шүү. Цэргийн албыг дүйцүүлэн хаахыг би хувьдаа маш буруу гэж боддог. Манайхан хятадуудыг авчирч ажил хийлгэдэг шиг өөрийнхөө оронд айлынхаа хүүхдэд мөнгө өгөөд цэрэгт явуулж байна шүү дээ. Их муухай. "Мөнгөтэй хүн эх орноо хамгаалахад битгий оролц, мөнгөгүй нь яв" гэсэн үг мөн биз дээ? Эх орныхоо хилийг хамгаалах үүргээ бусдад ацагладаг эр хүн гэж байх учиргүй. Нэг Жилийн хугацааг би анхнаасаа эсэргүүцсэн. Гурван жил ихэднэ. Хоёр жил яг сайхан таарна. Хоёр жил бол ёс суртахуун, боловсролын талаар нэлээд юм олоод мэдчихэж болох хугацаа. Мөн ямар нэгэн мэргэжлийн зэрэгтэй болж болно. Тоосго өрөөд сурчихаж болно, хил хамгаалалтын нэг нарийн арга ухааныг мэдэж авч болно.

Эндээс ирээдүйн Хилийн цэргийн генерал төрөх хөрс суурь бэлтгэгдэнэ. Нэг жилийн хугацаанд ихэнхи залуус амьдралын сонголтоо хийж чадалгүй эргэж ирдэг. Амьдралын сонголтоо хийхэд нь туслах үүрэг дарга нарт нь бий. Цэргүүдийг дүрэм журмаар шахахын зэрэгцээ заавал толгойтой нь ажиллах шаардлагатай. Ер нь нэг жилийн цэргийн алба гэдэг бол шинель, гуталны гарз байхгүй юу. Ялангуяа Ардын армид. Хил бол арай өөр, хийх ажилтай. Гэхдээ нэг жил өмссөн гутлыг дараагийн цэрэгт өгөлтэй биш. Хоёр жилд бол хувцасныхаа үнийг төлөх хэмжээний хөдөлмөр улсад хийж өгөх бололцоо гарч байгаа юм. Барилга, тариа ногоон дээр ажиллаж болно. Гараар хийх ажил их бий шүү дээ. Барилгын цэргийн барьсан байшингууд одоо энд тэндгүй бий. Цэргүүдийг зохион байгуулалтад оруулаад хөдөлгөвөл асар том хүч. Дандаа эрүүл чийрэг сайхан залуучууд байна.

-Нэг асуудал байна. Өнгөрсөн хавар Улаан-Уулын хилчид заставынхаа ямааг самнасан юм. Гэтэл хил хамгаалдаг хүмүүс айлын ямаа самнаж байна гэж иргэд гомдол мэдүүлээд бөөн хэл ам болсон. Энэ мэтээр цэргийнхэн хөдөлмөрлөж болохгүй болчихоод байгаа юм л даа.

-Сүүлийн үед баяр наадмаар хотынхон хөдөөгөө цөлмөдөг болсон. Энэ үеэр тав хоног амардаг боллоо. Жилд 57, 58-н хагас, бүтэнсайн бий. Албан ёсны баяр, амралтын өдөр 15. Мөн 51 салбарын баяр бий. Тэр өдрүүдэд ажил хийхгүй. Ингээд монголчууд жилд маш цөөхөн хоног ажил хийдэг юм байна. Гэтэл хүн амын тал хувь нь хүүхэд. Насанд хүрэгчдийн 20-30 хувь нь хөдөлмөрийн чадваргүй. Үндсэндээ Монгол Улсад 606-700 мянган хүн жилийн 365 хоногийн 200 өдөр ажил хийж байна.

Ингэж ажиллаад бид капитализмийг байгуулж чадах уу? Цаана нь 150 мянган оюутан. Ирээдүйн ажилгүйчүүд. Ер нь хатуухан хэлэхэд Монголчууд өнөөдөр ажил хийхгүй байх арга ухааныг л судалж байна. Түүний нэг халдвар бол тэр ямаа самнахыг эсэргүүцсэн байдал. Үүнд шантрах хэрэггүй. Харин нэг зүйлийг анхаар. Хэрэв ямаа самнаад мөнгө олж байгаа бол ил тод хэлдэг байх хэрэгтэй. "Ямаа самнасан, 20 кг ноолуур авсан. Нэг сая 400 мянган төгрөг болсон. Түүгээр энэ ном, хөгжим, хоолны материалыг худалдаж авсан" гэж хэлбэл өөр.

Яасан нь мэдэгдэхгүй бүрхэг байгаад байхаар л хүмүүс "матчихдаг" байхгүй юу. Худал мэдээллийн гамшиг байгалийн гамшгаас илүү Монголыг нэрвэж байна шүү дээ. Ер нь Улаанбаатарын хүүхэд ямаа самнаж сурахад яадаг юм? Тэр хавийн айлуудын ямааг самнаж, авсан хөлсөөрөө цэргүүддээ 100 ширхэг хамгийн сайхан ном аваад өгөхөд юу нь буруу гэж? Хүн төрөлхтний түүх бол ажил хийж амьдарсан түүх шүү дээ. Амраад хөгжсөн орон гэж байхгүй. Социализмийн үед хамгийн их амарч, аялал зугаалга хийж байсан Кубад өнөөдөр амьдрал хамгийн хүнд байна.

-Таны "Сонгомол номын сан" нэвтрүүлэгт манай нийгмийн хамгийн оюунлаг гэсэн хүмүүс оролцдог шүү дээ. Ер нь тэдгээр хүмүүсийн хамгийн их уншдаг ном нь ямар ном байдаг юм бол?

-Хүнд зайлшгүй мэдэх ёстой хоёр зүйл байдаг. Нэг нь хүн төрсөн л бол өөрийнхөө үүх түүхийг мэдэж байх хэрэгтэй. Энэ бол ирээдүй хойч үеэ хамгаалах дархлаа юм. Хоёрдугаарт улсынхаа түүхийг мэдэж байх ёстой. Чингис хаан, Цэдэнбал, Сүхбаатар... энэ хүмүүс ямар гавъяа байгуулсан юм? Мөн би ямар оронд төрөө вэ гэдгээ мэдэж байх ёстой. Ийм хэдэн гол зүйл өнөөгийн хэвлэл мэдээлэлд зонхилж байна. Хүн бүр дурсамжаа бичиж, айл бүр удмын ном гаргах болж. Яг үүнтэй адилхан Монголын түүх бол гажсан түүх. Өөрөөр хэлбэл хойд, урд хоёр хөршийн нөлөөгөөр бид буруу түүхтэй явж ирсэн. Өнөөдөр үнэн түүхээ мэдэхийн төлөө чармайж байна.

Гажсан түүхийг үнэнээр нь мэдье гэвэл, ялангуяа 1900-2000 оны түүхийг гадаадад хэвлэгдсэн номоос унших боломжтой. Сүүлийн 10-аад жилд гадаад хэлнээс асар олон ном орчуулагдлаа. Улс төр гэж on байхгүй байх үед өөрийн нүдээр үзсэн зүйлээ тэмдэглэж үлдээсэн гадаадын хүмүүсийн номыг одоо уншиж байна. Ийм л ном руу хүмүүс хошуурч байна. Үнэн түүхээ мэдэхийг хүсч байна. Үүнд нь манай орчуулагчид маш сайн тусалж байна. Ж.Нэргүй. О.Чинбаяр, Я.Ганбаатар гээд хэд хэдэн сайн орчуулагч бий. Хүмүүсийн ертөнцийг танин мэдэх ойлголтууд их өөрчлөгдөж байна. Зургаа дахь мэдрэхүй, сансар огторгуй, дээд ертөнц, далд ертөнцийн тухай ихэд сонирхон уншиж байна. Энэ бол орчин үеийн номын нэг чиглэл. Сүүлийн үед гарч буй нийт номын 70 орчим хувь нь орчуулгын, 30 орчим хувь нь монголын зохиолчдынх байдаг. Яагаад монголынхоо зохиолчдын номыг бага уншаад байна вэ гэдгийг бид судалж үзсэн. Шалтгаан нь зохиолчид бидний хоцрогдсонд байгаа юм байна.

Манай До.Цэнджавын "Цагаагчин гахай жил", "Хөх жавар" гэх мэт номууд, шог зохиол зэргийг хүмүүс сонирхдог. Би жишээ нь долоон боть ном гаргахад шог зохиолыг нь хүмүүс худалдаж аваад бусдыг нь шог шиг сонирхохгүй байна. Дараагийн нэг зүйл бол хүмүүс мэдээллийг маш олон сувгаар хүлээн авч байгаа учраас ном уншихгүй байна. Интернэт маш их мэдээлэл өгдөг хэдий ч ном шиг асар олон зүйлийг бодуулж, сануулж, үлгэр дуурайллыг бий болгохгүй. Интернэтийн мэдээлэл сайн. Гэхдээ номыг хэзээ ч гүйцэхгүй. Боржин чулуун хөшөө 1500 жилийн настай. Гантиг чулуун хөшөө нь дөрвөн мянган жилийн настай. Харин ном бол мөнх настай. Бээжингийн номын сангаас "Нууц товчоо"-г олоогүй сэн бол өнөөдөр бид ойд төөрсөн сармагчин шиг л байхгүй юу. Гэтэл "Нууц товчоо"-нд бүхэл бүтэн Монгол улсын түүх, бахархал, нэр төр оршиж байна. Ганцхан ном ийм л чадалтай. Хүн эхлээд уншиж сураад аав ээжийгээ таних хэрэгтэй. Дараа нь Монгол орон, байгалиа тань. Дараа нь дэлхий ертөнцийг тань. Ингэж л номын ертөнц рүү орох ёстой.

-Таны ширээний ном?

-Хийж байгаа ажил, тавьж байгаа зорилтоос шалтгаалан ширээний ном өөрчлөгддөг юм байна. Сүүлийн үед Монголын үнэн түүхийг судалж байна. Мэдээж хөнгөн хэлбэрийн номууд байлгүй яахав.

-Хүмүүс зузаан ном унших завгүй болсон тул сонсдог ном, антологийг сонгох болжээ. Энэ нь хэр зөв арга юм бол?

-Номыг хүнд хүргэх хар мянган арга бий. Тэдгээрийн дундаас энэ нь сайн, энэ нь муу гэж хэлэх арга байхгүй. Хүмүүс өөр өөрийнхөө аргаар л бичиг.

-Социализмийн үед хүмүүс зөвшөөрөгдсөн номыг л уншдаг байжээ. Өөрөөр хэлбэл ертөнцийг харах цонх нь хязгаарлагдмал байж. Харин өнөөдөр хүмүүс маш олон сувгаар, бүх төрлийн номыг уншиж байна. Гэтэл тэр үеийн хүмүүсийн сурч мэдэх хүсэл нь одоогийнхоос хамаагүй илүү байсан юм болов уу гэж санагддаг?

-"Хориотой жимс амттай" гэдэг. Тэр үед Д.Пүрэвдорж гуайн "Чингис", Р.Чойномын шүлгүүдийг булаацалдаад л хуулаад явдаг байлаа, навсайтал нь дамжуулж уншаад л... Нэг үе ном ховор байсан. "Цагаан бээлий", "Монте Кристо гүн", "Арван гурван наст капитан", "Морь унасан толгойгүй хүн" энэ тэр чинь бүр өнцөг булангүй элэгддэг байлаа шүү дээ. Ном элбэг болоод ирэхээр хүмүүс их хоолонд цатгалддаг шиг сонголтгүй болж, алийг нь уншихаа мэдэхээ больдог юм байна л даа. Тэгээд л би "Удмаа тань, улсаа тань, хөршөө тань, байгалиа тань. Тэгээд л цаашаа явна" гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Жинхэнэ уншигч ховор байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ховор. Интернэт бол мэдээлэл өгнө. Харин ном бол мэдлэг өгдөг.

-"Уншихгүй бол сэтгэхгүй" гэдэг. Тэгэхээр бид оюуны ядууралд орчихоод байгаа хэрэг биш үү?

-Энэ хэвээрээ байвал ядуурна. Оюуны ядууралд орж байна гэж хэлбэл хэн ч маргахгүй. Энэ бол гайхуулах юм биш л дээ. Хүн бүр дор бүрнээ үүнийг бодох ёстой. "Би хэр сэтгэж байна? Би юу уншиж байна? Би хэнтэй нөхөрлөж байна? Миний ярьдаг гол сэдэв ер нь юу болж байна?" гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Солонгос кино үзэж, сонгинотой хоол идэж, сонин уншаад миний ажил дуусч болохгүй шүү дээ. Хүн өөрөө өөртөө дүгнэлт хийсэн цагт л оюуны ядуурлаас гардаг. Ийм дүгнэлт хийж чадахгүйгээр хувцасны сайныг өмсч, хоолны сайныг идээд явж болохгүй. Ингэснээрээ би сайхан амьдарч байна гэж эндүүрч болохгүй. Оюуны ядууралд орсон уу, үгүй юу гэдгийг нь уншиж байгаа номыг нь хараад шууд дүгнэж болдог. Огт ном уншихгүй байгаа хүнийг бид өнөөдөр хөгжиж байна гэж хэрхэн хэлэх вэ? Өнөөдөр Монгол Улс хүний хөгжлөөрөө дэлхийд 118 дугаарт бичигдэж байна. Гэхдээ хүний хөгжлийн индекс манай Монголын нөхцөлд бараг таардаггүй гэж хэлж болно. Монголчуудад оюуны хүчин чадал бий. Түүнийгээ хөгжүүлэхгүй, залхуураад юм уншихгүй байвал тэр хүчин чадал нь аяндаа алга болно.

-Таны үзсэн хамгийн ховор, содон ном?

-Шүдэнзний хайрцгийг хоёр хуваасны чинээ жижигхэн ном ч дайралдаж л байсан. Одоо надад байгаа хамгийн сонин ном бол "Барсан хэвнэгт баатар" гэж Гүржийн зохиол бий. Манай "Гэсэр", "Жангар"-тай дүйцэж очих юм даа. Тэр ном гүрж хэл дээр байгаа. Плано Карпинийн Монголын тухай тэмдэглэсэн ном бол бас их ховор номондоо орно шүү. Одоо би "Сүн далайн хөвөө тийш" гэдэг Янгийн номыг уншиж байна. Хооронд нь харьцуулж, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг олохыг хичээж байгаа. Барон Унгерныг бид янз бүрээр л ярьдаг. Д.Бодоо, Д.Сүхбаатар нарыг хэдэн янзаар ярьдаг. Энэ бүхнийг үнэнээр нь мэдэхийн тулд унших хэрэгтэй. Одоо Монголд цэвэр нэртэй хүн алга. Чингис хааныг л буруутгах үлдээд байх шив дээ. Сүүлийн үед бас нэг орос "Чингис бол орос хүн байсан" гэж бичээд эхэллээ.

-Хүчтэй улс орон өөрсдийнхөө түүхийг дураараа гуйвуулдаг болоод байна уу даа?

-Тийм. Бид үүн дээр хатуу зогсч өөрсдөө л өөрсдийгөө хамгаалахгүй бол тэр хүчтэй салхинд хийсэх нь. Бараг 90 жил бид худлаа түүх цээжилж ирлээ шүү дээ. Үнэн түүхийнхээ учрыг олоогүй байж л түрүүчийнхийгээ устгаад эхэлдэг байхгүй юу. Би Д.Сүхбаатарын тухайд хэлж байна. Д.Сүхбаатар гэдэг хүний талаар нэгдсэн нэг бодолтой, түүнийгээ үнэхээр баталж чадвал хөшөөг нь авч хаяад Чингисийн хөшөөг сольж тавьж болно шүү дээ. Гэтэл сохор нохой дүйвээнээр гэдэг шиг нураах, эвдэх дон тусчихаж. Надад Д.Бодоогийн "Сургамжит өгүүлэл" хэмээх тууж бий. Маш сонин зохиомжтой. Түүн шиг тууж одоо тун ховор.

-Хүмүүс ухаан задалж, амьдралыг өөрчилсөн номын талаар ярьдаг. Таны хувьд ямар номыг нэрлэх вэ?

-Би амьдралдаа их олон ном уншсан. Олон сайн дарга нарын удирдлагад ажилласан. Гэхдээ амьдралыг таниулж, ухаан бодлыг минь задалсан нь миний ээж. Ээж маань хэдэн мянган боть номоос илүү. Ээжийнхээ ухаанаар л би амьдарсан. Аав 10 настайд бурхан болсон. Бид зургуулаа өссөн. Ээжийн үг бидэнд хууль. Ээжийн минь хэлсэн үг бүхэн зөв байсан. Одоо бид 101 настай хадам ээжтэйгээ хамт амьдардаг. Тэр хүний хэлж байгаа үг бүхэн эрдэнэ. Урьдын хүмүүс ямар их ухаантай байдаг юм бэ.

-Ном бүтээнэ гэж яахыг хэлдэг юм бэ?

-Ном бол яг хүүхэд шиг л эд шүү дээ. Хүүхэд олно, 10 cap тээнэ, тэр хугацаанд янз бүрийн өөрчлөлтүүд гарна. Нүүр нь сэвхтэнэ. Яг үүн шиг л хүн нэг ном бүтээе гэвэл түүгээрээ шаналдаг. Бодоод л байна. Хаа явсан газраа бодно. Ганцаараа ярина. Шаналж, шаналж 10 сарын дараа хүүхдээ төрүүлдэг шиг ном төрнө дөө. Төрөхдөө "толгой нь цухуйгаад" их удна. Заримдаа бөгсөөрөө гарна, тэр чинь. Номыг төгсгөлөөс нь бичих тохиолдол ч гарна шүү дээ. Тэр бол хөлөөрөө гарч буй хүүхэд л гэсэн үг. Хүн бүхэнд өөрийнх нь хүүхэд хөөрхөн байдаг шиг миний ном наддаа л гоё. Ер нь ном бүтээнэ гэдэг бол хүн өөрийнхөө бодлыг цаасан дээр буулгаад бусдад "Үүнийг нэг уншаад үз дээ" гэж өгч байгаа л хэрэг шүү дээ. Мэдээж уран сайхны аргаар бичнэ. Хүнд хүрч, сургамж болохуйц ямар нэгэн зүйлийг өгөх ёстой. Миний "Ээжтэй орчлон" номонд ээж зургаан хүүхэдтэй ааваас үлдээд биднийг яаж хүн болгосон тухай л бичсэн. Ээж минь яаж зүдэрч, яаж ядарч үйлээ үзсэн, бид ээжийгээ яаж хайрлаж байсан тухай бичсэн. Энэ номыг минь уншаад уйлсан, уйлж байгаа зургаа хүртэл өгч явуулсан хүн бий. Би хамгийн мундаг номыг бичээгүй нь ойлгомжтой. Гол нь би үнэнийг л бичсэн.

-Хэр тааруу ном ямар хор нөлөөтэй вэ?

-Номон дотроо хүмүүст, ялангуяа залуучуудад буруу ойлголт өгсөн, залуучуудыг төөрөгдүүлсэн, хөрш болон бусад орнуудын харилцаанд сэв суулгасан, улсын нууц задруулсан, хэт гуйвуулсан зүйл бичих муухай. Зохиогчийн эрх, ёс зүй гэж бий л дээ. Хэвлэлийн шаардлагыг хангасан байх ёстой.

-Та хичнээн жил ном цуглуулж байна?

-Анх 1969 оноос цуглуулж эхлээ шив дээ. Нэг муу дүнзэн байшинд, бясаа үүрлэчихсэн номын сантай байж билээ. Зургаан удаа нүүж, цаасан хайрцаг дамжиж, норж, оготнод идүүлсээр үлдсэн ном маань одоо л нэг "орон сууц"-тай болоод байна.

-Ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Номоос их зүйл олж авсан. Амьдрал чинь түмэн янзын жортой шүү дээ. Хятад, солонгос хоолны жор бол амьдралын жорны дэргэд юу ч биш. Тэр олон үзэл бодол, ухаарал бүхнийг хүн номоос олж авдаг. Амьдралын сонин содон эргүүлгүүд, гутармаар, гунимаар, баярлаж бахадмаар, зүрх алдмаар, зориг хүч авмаар бүх зүйл номонд бий. Хүн ер нь залуудаа номыг сонирхож уншдаг юм байна. Нас тогтоод ирэхээрээ чиглэл, зорилготой уншдаг болдог. Өөрөөр хэлбэл уншигчийг дайралдсанаа уншдаг, сонгож уншдаг, эрж уншдаг гэж ангилж болдог юм байна. Би бол Монголын түүхийг чиглэл зорилготойгоор эрж хайж уншдаг болчихоод байгаа. Үүнд их цаг орох юм билээ. Одоо УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Монголын түүхийн хамгийн ээдрээтэй үеийг судалж гаргасан хоёр боть номын хоёр дахийг редакторлаж байна. Дандаа эх материал дээр тулгуурлаж хийсэн ном.

-Та Д.Равжаа хутагтын талаар хичнээн ном гаргаад байна вэ?

-Би болоод миний нөхөд нийлээд 50 гаруй ном бүтээсэн байна. Ганцхан хүний тухай 50 орчим ном байна гээд бод доо. Анх нэг л өдөр гэнэт ном бичмээр санагдсан нь тэнгэрийн зарлиг байсан юм болов уу. Тэр цагаас хойш Олон улсын Равжаа судлалын төвийг байгуулж, Монголын толгой эрдэмтдээр судалгаа хийлгэсэн. "Саран хөхөө" жүжгийг герман хэл дээр гаргаж, гэрийнхээ нэг өрөөнд гурван cap орчуулагч ажиллуулж хутагтын шүлгийн бүрэн хэмжээний түүврийг англи хэл дээр гаргасан. Би үндсэндээ Равжаа судлалын зохион байгуулагч менежер нь юм. Гэтэл нэг л өдөр өөрөө бичээд эхэлсэн. Яг хутагттай холбоотой гурван ном бичээд байна.

-Та. манай уншигчдад гэр бүлийнхээ хүнийг танилцуулж болох уу?

-Манай хүн эмч. Насаараа II эмнэлэгт эмч хийсэн. Таня гэдэг юм. Бид хоёр чинь долоо, наймдугаар ангид байхдаа анх танилцсан юм. Захиа их бичнэ ээ.
Хоёр гурван шууданчтай. Өдөртөө заавал захианыхаа хариуг авдаг, хэрэв хариу ирэхгүй бол тэр өдрийн ажил ер бүтэхгүй. Тэгээд л аравдугаар ангиа төгсөөд би Анагаахын дээдэд орсон юм. Манай хүн ч эмч болохоор шийдсэн тул удалгүй хоёулаа нэг гэрт орсон доо. Бид хоёр 1964 онд гэрлээд, түүнээс хойш 50 жил болж байна. Манай том хүү 51-тэй шүү дээ. Бид гурван хүүхэд, арван хэдэн ач гучтай. Жинхэнэ цагаан сайхан энерги хүүхдэд байдаг гэж боддог. Өчигдөрхөн манай хүүхдүүд ирж бужигнаж байгаад явсан. Тэд ирээд заримдаа юм хумаа мартчихаад явна аа, их гоё. Манай хүн бол үргэлж намайг дийлдэг манай гэрийн том дарга байхгүй юу.

-Таныг хил, хилчидтэйгээ ойр байдагт тань их талархаж байна.

-Хилийн цэрэг бол Монгол төрийн онцгой объект. Бусад нь юу ч биш. Гэрээт цэргийн асуудал л гэхэд эртнээс яригдсан юм. Ганцхан зориглож хийх
хүн л олдохгүй байсан. Түүнийг хошууч генерал Ц.Сэргэлэн хийсэн. Ц.Сэргэлэн бол сэргэлэн нэрэндээ тохирсон хүн шүү дээ. Тэр үед гэрээт цэргийн апба нэлээд цэгцэрсэн юм. Тэгэхэд би УИХ-ын гишүүн байсан. Тийм учраас сайн мэднэ. Гэрээт хилчний алба бол гадаадын өндөр хөгжилтэй оронд дэлгэрсэн алба шүү дээ. Хуулин дээр ч би дэмжиж ажилласан. Мэргэшсэн гэрээт хилчний алба чинь төрийн мөнгийг хэмнэх том бололцоо юм. Хувь хүнд ч, улсад ч ашигтай алба. Хүүхдүүдэд эх оронч үзэл ухамсар төлөвшүүлэхэд ч их нөлөө үзүүлдэг. Энх тайван энэ цагт үндэсний аюулгүй байдал хил дээр гэхээсээ илүү дотор талаасаа үүсч магадгүй байдаг бололтой юм. Үүнийг ч бас бодох хэрэгтэй болж байна. Хил бол тусгаар тогтнолын үндсэн дархлаа. Тэгвэл эдийн засаг, газрын баялаг гээд яривал их зүйл байна.

-Цаг зав гарган ярилцсан танд их баярлалаа.


Ярилцсан ахлах дэслэгч Ж.Оюун-Эрдэнэ

Эх сурвалж: "Эх орны манаа" агентлаг