sonin.mn

Уран олборлолтын эсрэг тэмцдэг хүчин 2011 оны орчмоос идэвхтэй үйл ажиллагаа явуулж, "Цөмийн мафийнхныг үл сонгоё" гэсэн уриалга хүртэл дэвшүүлж байсан билээ. Энэ нь УИХ-ын сонгуульд МАН ялагдахад хүргэсэн тухай өгүүлэх зарим нэгэн ч бий. Гэсэн ч АН-ын дарга Н.Алтанхуягийн удирдсан Засгийн Газар уран олборлолтыг бодлогыг тун идэвхтэй үргэлжлүүлэх болсон билээ.


Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг бүрдүүлэгч субьектын нэг болох МАХН-тай байгаль орчин, экологи, нийгэмд шударга ёс тогтоох чиглэлээр байгуулсан санамж бичгээсээ Монголын Ногоон нам гарах болсноо мэдэгдлээ. "Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат нь олон нийтэд хандаж цөмийн технологи болон уран олборлохыг дэмжин сурталчилж, цөмийн хөнөөлийн эсрэг тууштай зогсдог шударга идэвхтнүүдийг хөлслөгдсөн гэх мэтээр дайрч давшилж, дураар гүтгэн доромжилж буй нь манай намын гишүүдийн дунд Танай намтай байгуулсан санамж бичигт эргэлзэх, мөн уг баримт бичгийн улс төрийн ач холбогдлыг үгүйсгэх маргааны өдөөж байгаа тул МНН-ын Бага хурлаас хоёр талын цаашдын харицааг эрүүлжүүлэх үүднээс энэхүү санамж бичгээс гарах болсон" гэжээ.

Мэдэгдэл

Санамж бичгээс гарах тухай


   Монголын Ногоон нам 2011 онд Монгол Ардын Хувьсгалт Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан байгаль орчин, экологийн салбарт болон нийгэмд шудрага ёсыг тогтоох чиглэлээр санал нэгдсэн ба энэ хугацаанд МНН харилцан ойлголцсон чиглэлээр тууштай байж санамж бичгийн заалт бүрийн дагуу үүрэг хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн болно.


   2012 оны УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж ажиллахад МНН-ын санхүүгийн боломж чадавхи нь эвслийн талуудын зүгээс сонгуулийн санхүүжилтыг босгоход тавьж байсан үндсэн шаардлагыг хангаагүй тул бид сонгуульд эвслээс гадна орсон билээ.


Танай нам сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газарт орж ажиллаж буй нь нийгэмд шудрага ёсыг хэвшүүлэхэд нэг алхам нэмэр болж буй гэдэгтэй бид санал нэгддэг ба харин эвслийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаль, экологийн чиглэлээр МНН-ын зүгээс итгэн үнэлэж, тэмцлийнхээ туйлын утга санааг агуулсан үнэт зүйлсийн нэг болох “Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.” гэсэн үзэл санааг орхигдуулан “Уран олборлох, шар нунтаг үйлдвэрлэх” асуудлыг тусган үйл ажиллагаа явуулж буй нь, мөн энэ хөтөлбөрт тусгагадсан дээрхи асуудал нь Танай намын зүгээс 2011 онд 8 дугаар сард “уран олборлохын эсрэг, цөмийн цахилгаан станц барихын эсрэг, цөмийн хог хаягдал булахын эсрэг” гаргасан мэдэгдэлтэй харшилж ойлгомжгүй байдлыг бий болгож буй нь, мөн Танай намын гишүүн Монгол Улсын хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат нь олон нийтэд хандаж цөмийн технологи болон уран олборлохыг дэмжин сурталчилж, цөмийн хөнөөлийн эсрэг тууштай зогсдог шударга идэвхтнүүдийг хөлслөгдсөн гэх мэтээр дайрч давшилж, дураар гүтгэн доромжилж буй нь манай намын гишүүдийн дунд Танай намтай байгуулсан санамж бичигт эргэлзэх, мөн уг баримт бичгийн улс төрийн ач холбогдлыг үгүйсгэх маргааны өдөөж байгаа тул МНН-ын Бага хурлаас хоёр талын цаашдын харицааг эрүүлжүүлэх үүднээс 2011 оны 11 дүгээр сарын 17-нд “МОНГОЛЫН НОГООН НАМ БА МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” гэсэн баримт бичгийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаасаа МНН гарч буйг албан ёсоор мэдэгдэж буй болно.


   Уг мэдэгдлийг МНН-ын гишүүд, түүнийг дэмжигч сонгогчдод мэдээлэх үүднээс олон нийтийн хэвлэл мэдээллээр түгээх болно.

Хүндэтгэн ёслосон,


Дарга                    О.Бум-Ялагч