sonin.mn
Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг хууль бусаар томилсон хэмээн эрх зүйч А.Гантамир өнөөдөр мэдээлэв.
 
Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа Засаг дарга нараа тодруулдаг. Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуулиар МАН, АН тус бүр 16 суудал авчээ.
 
Үүнээс үүдэн нэг тойрогт дахин сонгууль явуулах ёстой байсан ч Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг хүч түрэн Засаг даргыг сонгож, шийдвэрээ Ерөнхий сайдад хүргүүлэн батламжлуулсан байна.
 
Улмаар Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг чөлөөлөх шийдвэр гаргаж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргажээ. Энэ нь Үндсэн хуулийн 1.2 дах заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн тэрбээр тайлбарлаад Ерөнхий сайдыг хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж байна хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг