sonin.mn

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний хувьд бусдаас хадгаламж авах, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн зэрэг хэрэгт буруутгагдан 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлсэн билээ.

 

Өдгөө тэрбээр хорих ялаа эдлээд суллагдсан юм. “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоо, “Хохирогчдын холбоо”-ноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ж.Мэндбаяр “Миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий.

 

Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм. Түүний хэлж буйгаар 2006 онд хуучнаар тус хадгаламж зээлийн хоршоо байсан байрыг дөрвөн тэрбум 420 сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хоёр жилийн дараа анхны дуудлага худалдааг явуулахдаа 3.2 тэрбум төгрөг болгон бууруулсан. Уг нь анхны үнэлсэн үнээр худалдах учиртай байсан талаар мэдээлэв.

 

А.Ханд


Эх сурвалж: new.mn