sonin.mn
Төрийн соёрхолт, зохиолч, сэтгүүлч Д.Норовтой ярилцлаа. Д.Норов “Жаргалын булаг”, “Хөх туульс”, “Хөх тавилан”, “Сэрэвгэр хадны зэрэглээ” зэрэг шилдэг бүтээл туурвисан үргэлжилсэн үгийн томоохон төлөөлөгчийн нэг гэдгийг уншигчид андахгүй биз ээ.
 
-Сайхан өвөлжиж байна уу, та. Уран бүтээл өндөр үү?
 
-Энэ урьхан өвлийн мэндийг уншигч олондоо уламжилъя. Би яах вэ, нас дээр гарсан өвгөн болчихоод одоогийн залуучууд шиг уран бүтээлийг овойж оцойтол нь туурвиад байгаа юм алга. Насаараа бичих ажлыг аргагүй нэг юм гүйцэтгэж яваа юм болохоор бүр гарт орчихжээ. Ганц хоёр тууж бичлээ. Монголын хилчдийн тухай өгүүлэх “Босго тотго” хэмээх роман маань уран сайхны кино болон үзэгчдэд хүрснийг та бүхэн мэднэ. Роман хэлбэрээрээ нь ч уншигчдын гарт хүрсэн.
 
-Босго тотго” романыг та хилчдийн хүсэлтээр бичсэн гэлүү. Одоо танд салбарынхаа талаар өгүүлэх зохиолын санал ирж байна уу?
 
-Ирсэн ч заримтай нь санаа нийлэхгүй юм. Яах вэ, санаа нийлээд уран бүтээл туурвихаар өнөөх эдийн засгийн хямрал нь нүүрлээд таг зогсчих юм. Санхүүжүүлнэ гэж амлалт өгсөн нь хаширлаад больчих юм. Тэдний зарим нь ч бүр бололцоогүй болчихдог бололтой. Уран бүтээлчдэд ийм саад бэрхшээл олон байдаг. Ер нь өнөөдөр сайн уран бүтээл, сайн кино маш их мөнгөөр бүтэж байна. Мөнгөтэй байвал сайн зохиол бичүүлж, сайн найруулагч ажиллуулж, сайн жүжигчид тоглуулж чадаж байна. Түүнээс биш хуучны цагт аж ахуйн аргаар байшин барилаа гэдэг шиг тэгж ажил хийдэг цаг биш болжээ. Телевизийн олон ангит киног харж байхад сайн зохиолтой эсвэл сайн найруулагчтай атлаа дүрүүдээ оновчтой сонгож чадаагүйгээс болж нурж байна. Мэргэжлийн биш хүнийг эсвэл захиалга өгсөн цаад байгууллагын хүнийг тоглуулаад ёстой нэг холион бантанг нь хутгачих юм аа. Киноны уран сайхныг тэгээд л арилгачихаж байна.
 
-Таныг хүүхдүүдэд зориулсан тууж бичсэн гэж сонссон?
 
-Өнөөдөр телевизээр дандаа алаан хядаан, садар самуун, хүчирхийлэл, дээрэм тонуул гарч байна. Хүний сонирхлыг өдөөж, мөнгө татах гэсэн арга ядсан арга бол ийм төрлийн кино, нэвтрүүлэг юм. Ийм завхарсан юмыг шахаж гаргах уран бүтээл л хэрэгтэй байна, өнөөдөр. Хүүхдийн үзэж харах ертөнцийг гэгээлгээр дүүргэж байж, дүүргэхээ байг гэхэд дунд хэмжээнд хүргэж гэмээнэ хүүхдийн хүмүүжил зөв болох учиртай. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг чанарын талаас нь уран сайхны үзүүлбэр, уран сайхны сэтгэлгээгээр дүүргэж өгвөл юутай сайхан болох бол. Миний хувьд хүүхдэд зориулж нэг тууж бичсэн. Тэрийг маань БСШУСЯ-ныхан авсан. “Дайны дараах намар буюу алмас ууланд” гэсэн нэртэй. Зөгнөлийн талдаа тууж. Энэ тууж маань багачуудад дэлхийг үзэх үзэлд нь оч хаях юм болов уу гэж бодож байна. Энэ насандаа хүүхдийн төлөөх ганц тууж бичсэн нь энэ. Ер нь ном бол нэг талаас эрдэм оюуны ухаан, нөгөө талаас уран сайхны ухаан юм. Энэ хоёроос л бүтдэг зүйл. Тиймээс хүн өөрийнхөө хэрэгцээгээр аль талыг нь унших уу гэдгээ сонгох ёстой. Угтаа ном хүн төрөлхтөний бүтээсэн биетэй, биегүй асар их баялгийг өөртөө шингээж байдаг. Тиймээс үүнийг хүртэж явна гэдэг нь хүн байхын утга учиртай шууд холбоотой. Дурдатгал, баримтат зохиол, сэтгэгдэл, бодол, бясалгалаа шууд илэрхийлсэн нийтлэлийн ном их элбэг болж. Зарим хүмүүс бодол бясалгалын ном унших дуртай байдаг бол зарим нь нэгэн биеэр туулж өнгөрүүлсэн сонин хачин зүйлсийг сонирхож уншдаг. Харин уран зохиолын тухайд техник сэтгэлгээ, техник хэрэгсэл хөгжсөн энэ үед унших нь багасчихаад байгаа юм. Яагаад гэвэл бэлэнчлэх сэтгэлгээний үерт автсан. Интернэтээс жаахан материал олж аваад түүгээрээ аргацаах нь их байна. Гэтэл уран зохиолын ном гэдэг үнэлж баршгүй зүйлийг хувь хүнд өгдөг. Түүнийг бодож үзэж ухаарахгүй байна. Уран зохиол гэдэг явж явж хүнийг өөрийг нь бий болгодог зүйл. Жинхэнэ хүн шиг хүн байна гэдэг огт өөр, нар мэт гийгүүлж байх дээд эрмэлзлэл юм. Уран зохиол нь үүнийг бий болгодог. Тууж, өгүүллэг, яруу найраг, романыг уншснаар хүн бадарч эсвэл гунигладаг юм.
 
-Уран бүтээлчид онгодын тухай их ярьдаг. Онгодоор бичдэг гэж?
 
-Онгод гээч нь яруу найрагт л хурц илэрдэг зүйл. Үргэлжилсэн үгийн зохиол, кино зохиол болоод драмын жүжгийг онгодоос илүү авъяас, хөдөлмөрөөр бичнэ. Яруу найрагчийн тархинд гал цогтой орж ирдэг шиг бидний хэдэн өвгөдийн толгойд шууд ороод ирчихгүй. Аажуухан орж ирнэ. Ухаандаа бол том улаан гэрэл тархин дотор асчихаад унтрахгүй байна гэсэн үг. Зохиолоо бичиж дуустал тэр улаан гэрэл анивчаад л байна аа бас.
 
-Энэ үед хэдэн ч хоногоор нойргүй суугаад бичнэ биз?
 
-Залуу явахдаа нойроо хугаслаад шөнө бичдэг байлаа. Зохиолынхоо дүрд орчихоод түүнээсээ гарч чадахгүй хөтлөгдөөд явчихвал өдөр, шөнөгүй үзэг цаас бариад суучихна. Одоо бол залуу үе шигээ тэгж сууж чадахгүй юм. Залуудаа бичихээс гадна их зохиолчдынхоо бүтээлийг их уншина. Хонины бэлчээрт, машины кабинд, автобус дотор уранхай тасархай романуудаа тэвэрчихээд л уншаад явна. Тэгээд маргааш нь улаан нүдэлсэн хэрнээ сэтгэлд нь гэгээ орчихсон ажил руугаа явдаг тийм хүн байлаа шүү дээ. Хүмүүс ингэж оюун санааны хувьд өөрийгөө гэгээрүүлж, явж байсан учраас муухай зүйл гардаггүй байж. Тэгэхээр хогоор, ертөнцийн муу муухай зүйлээр оюун санаагаа дүүргэх үү, эсвэл гэрэл гэгээгээр дүүргэх үү гэдгээ бодож үзмээр байна. Энэ бүхнийг өөрсдөө ялгаж салгах хэрэгтэй. Өнөөдөр залуус маань бага уншаад, бага хүртээд, эсвэл эс хүртээд, аар саархан зүйлээр өнөө маргаашийг өнгөрөөж, сэтгэлээ хуурч яваа бол төдий чинээ л өнгөцхөн байх болно. Харин хичнээн нарийн нандин зүйлийг нь мэдэж хүртэж авна төдий чинээ амьдрал болоод ертөнцийг үзэх үзэл, хүнийг үзэх үзэл, тэр бүхэн огт өөр болоод явчихна гэсэн үг. Ер нь уран зохиолд хайртай, түүнийг уншиж, оюун сэтгэлээ амирлуулж явдаг хүн баярлах шиг баярлаж, дурлах шиг дурлаж, хайрлах шиг хайрлаж үзэн ядах шиг үзэн ядаж, бадрах шиг бадарч чадна.
 
-Гэхдээ таны хэдэн нөхдийг, залуу уран бүтээлчдийг төрөөс дэмжиж байна уу. Мэдээж сэтгэл дундуур байх биз?
 
-Ер нь дэмждэг юм уу. Дэмжиж байна гэж дуулаагүй юм байна. Уралдаан л зарладаг юм шиг байна. Дэмжинэ гэж ярьдаг болохоос биш хийдэг зүйл байхгүй юм биш үү. Миний хувьд өнгөрсөн хугацаанд баян чинээлэг болж туйлж амьдаръя гэж бодсонгүй. Албан тушаалтай болж бусдын толгой дээр харайж амьдаръя гэж бас бодсонгүй. Алдар хүндийн эзэн болж хөөрцөглөе гэж бодож явсангүй. Яавал гайгүйхэн шиг зохиол бичих бол. Надаас хойш 100 жил дотор бусдад унших гэрлийн оч хаяж байх, сэтгэлийн утсыг нь дуугаргаж байх тийм зохиол бичих юмсан гэж зүтгэж иржээ. Бүү мэд дээ, бүү мэд. Бурхан мэдэх л байх.
 
 
дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин