sonin.mn
Нэг ийм яриа байдаг даа. Энэ ч нэг талаар үнэн гэдэг нь амьдрал дээр батлагдчихсан зүйл. Аав маань өнгөрөөд удалгүй аймгийн төв шилжихээр болоод манайх гэдэг айл хэдэн малаа тоо, толгойгоор нь айлд хүлээлгэж өгөөд гарч байлаа. Гэвч өнөө мал маань огт өсдөггүй. Өсөх нь бүү хэл чоно нохой, зуд турьхан гээд хэд хэдээрээ цөөрсөөр юу ч үгүй болчихсон юм.
 
Үүнээс гадна үнэхээр “Тавиул мал өсдөггүй” гэж ирээд толгойгоо сэгсэрч суусан нагац ахыгаа санаж байна. Чоно хүртэл яг айлын малыг бариад идчихдэг гэж ирээд ярьж байсан сан. Үүнээс хойш нэг л зүйлийг ойлгосон юм. Хаа хаанаа сэтгэл дутдаг л тал байдаг шиг байгаа юм. Харин яг үүн шиг компаниудын Төрийн өмчийн оролцоо нь ихсээд ирэхээрээ л өсч дэвжихгүй, өр ширээ дийлэхгүй болж байх шиг. Томилогдож очсон дарга нар нь үнэтэй машин сольж, өрөөнийхөө тавилгыг хэдэн зуун саяар нь солихоос биш үр ашигтай ажиллулая, улсын төсөвт их мөнгө төвлөрүүлье, ажилчдынхаа ахуй нөхцлийг сайжруулая гэж боддоггүйтэй л холбоотой. Саяхан даа “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын эзэмшилд байсан 49 хувийг Монгол компани худалдаж авлаа гэж баярлаад л “Эрдэнэт”-ийг ашигтай ажиллуулах өөрсдийн төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм даг. Гэтэл эрх баригч намынхан өөрсдийн шахаа, сонгуулийн мөнгө босгохоо л урьтал болгоод хувийн хэвшлээс улаан цагаан дээрэм хийсэн. Шинээр томилогдсон дарга нь 24,5 саяар цалинжаад л, 180 саяар өрөөгөө тохижуулаад л аргагүй “эзэн” хүний ёсоор хандсан. Эдгээрээс ганц л зүйлийг огт ойлгохгүй байгаа нь өмнөх даргын унаж байсан машиныг унаад, хэрэглэж байсан тавилгыг нь хэрэглэчихээр яадаг юм. Тиймээс л Төрийн өмчийн гэх сэтэртэй үйлдвэр газруудын ашиггүй байдал энэ мэт үрэлгэн байдал, танил талын шахаанаас үүдэлтэй бөгөөд өнөөх л Тавиул мал шиг сэтгэл дутагдаж буйн жишээ юм.